Categories
Компани Мэдээ мэдээлэл

ХАЯГДАЛ УСЫГ ЦЭВЭРШҮҮЛЭН ДАХИН АШИГЛАСНААР ЦЭВЭР УСНЫ НӨӨЦИЙГ ХЭМНЭХ БОЛОМЖ ИХ БАЙНА

Өнөөдөр дэлхийн усны өдрийг тохиолдуулан “Хаягдал ус – Нөөц баялаг” уриан дор форум зохион байгуулж амжилттай тэмдэглэлээ. Форумын үеэр хаягдал усыг дахин ашиглаж, шинэ техник технологийг хэрэглээндээ нэвтрүүлсэн аж ахуйн нэгжүүд үзэсгэлэн гаргаж, өөрсдийн технологи, ололт, амжилтаа усны салбарынханд танилцуулсан юм.

 

 

Энэ үеэр хаягдал усыг цэвэршүүлэн үр ашигтай зарцуулж, бусад аж ахуйн нэгж, байгууллагад үлгэр жишээ болж байгаа М-Си-Эс Кока-Кола компанийн Байгаль орчин хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй хариуцсан менежер М.Энхжаргал илтгэлдээ

“Манай компанийн бизнесийн гол үндэс нь ус. Иймд бизнесийнхээ үндэс болсон усыг хамгаалах хөтөлбөрүүдийг шат дараатай хэрэгжүүлж байна. Үүний тод жишээ бол Хүнсний үйлдвэрүүд дундаас хамгийн анхны хаягдал ус цэвэршүүлэх байгууламжийг 2015 онд ашиглалтад оруулсан явдал юм. Манай Хаягдал Ус Цэвэршүүлэх Байгууламж нь хоногт 2000 шоо метр хаягдал усыг биологийн болон MBR технологийн дагуу шүүн цэвэршүүлж байна. Хаягдал Ус Цэвэрлэх Байгууламжаас гарсан ус нь Монгол Улсын Хүрээлэн буй орчинд нийлүүлэх цэвэрлэгдсэн бохир усны стандарт болох MNS 4943:2015 стандартад нийцсэн бөгөөд загас амьдрах хүртэл төвшинд цэвэршүүлсэн ус юм. Бид энэ усаа Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлд Улаанбаатар хотын ногоон байгууламжийн усалгаа, зам талбай угаалтанд өгч байгаа ба Баянзүрх дүүргийн Онцгой байдлын Гал унтраах хэлтэст ой хээрийн түймэр унтраахад өгөхөөр болсон. Мөн бид өөрийн үйлдвэрийн ногоон байгууламжийн усалгаа болон түгээлтийн машинуудаа угаахад ашиглаж байна” хэмээлээ.

 

 Тус компанийн Хаягдал ус цэвэршүүлэх байгууламжид тэжээж буй загаснууд

 

Энэхүү байгаль орчин, усны нөөц баялгийг хамгаалах, нөхөн сэргээх, усны зүй зохистой ашиглалтыг бий болгосон, нийгмийн хариуцлагатай үйлсийг хэрэгжүүлж байгаа “М-Си-Эс Кока-Кола” ХХК болон “Эн Эс Ти” ХХК, “Лора-Пиана Монголиа” ХХК, Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв, “Фучер холдинг” ХХК зэрэг таван аж ахуйн нэгжид БОАЖЯ-ны талархал гардууллаа.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

ТУСГАЙ ОЛИМП

Энэ сарын 14-25-ны өдрүүдэд Австри улсад зохиогдох Дэлхийн Тусгай Олимпын өвлийн наадамд  Монголын тамирчид оролцохоор бэлтгэл сургуулилтаа хийн, тус улсыг зориход бэлэн болжээ. Манай улсаас 14 тамирчин гүйлтийн цана, цасны гулгалттай гүйлт, заалны бөмбөгтэй хоккейн төрлүүдээр оролцоно.

 

Тусгай Олимп нь оюуны бэрхшээлтэй хүмүүст спортын уралдаан, тэмцээнээр дамжуулан урам өгөх, бие бялдрыг нь хөгжүүлэх, тэднийг эрүүл хүмүүстэй адил тэгш эрхтэй иргэн гэдгийг нь олон нийт, нийгэмд таниулах зорилготой юм.

 

Бидний зүгээс Тусгай Олимпын өвлийн наадамд оролцох баг тамирчдын спортын хувцас хэрэглэлийг ивээн тэтгэсэн бөгөөд тамирчдыг хүлээн авч, өндөр амжилт гаргахыг ерөөн үдэж өглөө. Уг олимпд өвлийн спортын есөн төрлөөр 107 орны 300 орчим тамирчид өрсөлдөх бөгөөд 1,100 дасгалжуулагчаас гадна сайн дурын 3,000 ажилтан, 1,200 хүндэт зочид, гэр бүлийн 5,000 гишүүд дэмжигчид, улс орнуудын парламент, засгийн газрын 800 орчим төлөөлөл оролцох юм.

 

НИЙТ ТАМИРЧДАДАА АМЖИЛТ ХҮСЬЕ!