Манай компани түүхий нүүрс шатаадаг технологийг бүрэн халж, хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад орууллаа. Ингэснээр агаарын бохирдол үүсгэхгүй, байгальд ээлтэй (emission free) инженерингийн шинэлэг шийдэл бүхий төслийг амжилттай хэрэгжүүлсэн Монгол Улсын анхны хүнсний үйлдвэр болов.
Жилд 7,000 орчим тонн түүхий нүүрсийг хэрэглэхгүй болсноор манай компани байгальд ээлтэй байх цогц хөтөлбөрийн зорилтоо шат дараалан хэрэгжүүлж буй юм. Тус зорилтынхоо хүрээнд 2010 онд үйлдвэрийн бохир ус цэвэршүүлэх байгууламжийг өөрийн хөрөнгөөр барьж, байгальд хаяж болохуйц цэвэршилттэй саарал усыг Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийн төвлөрсөн системд нийлүүлсээр байна.
“Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Агаарын бохирдлыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай” 43-р тогтоол, “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62-р тогтоол, Нийслэлийн Засаг даргын “Нам даралтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай“ А/1377 захирамжийг компанийн түвшинд хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм.
Бид М-Си-Эс Интернэйшнл компанитай хамтран төслөө хэрэгжүүлэхдээ Японы NTEC компанийн найман ширхэг ус халаах зуух, БНСУ-ын DAEYEOL компанийн дөрвөн ширхэг хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад орууллаа. Эдгээр нь холбогдох дэд бүтэц бүхий бүрэн автомат, шингэрүүлсэн хийн түлшээр ажилладаг шинэ технологийн зуухнууд юм. Тоног төхөөрөмжийн суурилуулалт, туршилтын үе нь дэлхий дахинд цар тахал дэгдсэн хөл хориотой давхацсан тул бид тоног төхөөрөмжийн нийлүүлэгч талуудтай харилцан тохиролцсоны үндсэн дээр тохируулга туршилтын ажлыг зайнаас удирдах виртуал хувилбарыг сонгосон нь Монгол инженерүүдийн ур чадварыг шалгасан, цаг хугацаа хэмнэсэн, дэвшилтэт технологиудыг нэвтрүүлсэн ажил болсон билээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр “Төвлөрсөн дулаан хангамжид холбогдоогүй, түүхий нүүрсээр ажилладаг зуухтай үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд шинэчлэл хийх сайн жишиг боллоо” хэмээн уг төслийн ач холбогдлыг үнэлсэн юм.
Манай компани нийгэм, байгаль орчиндоо ээлтэй бизнес эрхэлж, тогтвортой хөгжлийн зарчмыг тууштай баримталж буй бодит жишээ энэхүү төслөөр үргэлжилж байна.