Уурын зуух жилд 4,800 орчим тн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж байна
М-Си-Эс Кока-Кола компани нь М Си Эс Интернэйшнл компанитай хамтран түүхий нүүрсийг бүрэн халсан, утаагүй уурын зуухыг 2021 онд ашиглалтад оруулсан билээ. Энэхүү байгальд ээлтэй зуух нь Монгол болон Япон улсын Засгийн газар хоорондын Хамтарсан Кредит Олгох Механизмд хамрагдсан бөгөөд өнөөдөр тус үйлдвэрийн үйл ажиллагаатай Япон улсын Парламентын Төлөөлөгчдийн Танхимын Гишүүн Цүчияа Шинако тэргүүтэй төлөөлөгчид танилцлаа.
Хамтарсан Кредит Олгох механизмын хүрээнд
- хүлэмжийн хийг бууруулах
- байгаль орчинд ээлтэй техник, технологи үйлчилгээ нэвтрүүлэх
- хэмжиж тайлагнах, нотлох аргаар бодитоор тооцоолол хийсэн төслүүдэд кредит олгож, ХКОМ загвар төслөөр бүртгэн авдаг юм.
М-Си-Эс Кока-Кола ХХК, М Си Эс Интернэйшнл ХХК нь тогтвортой хөгжлийг дэмжих бодлогын хүрээнд агаарын бохирдлыг бууруулах, ирээдүй хойчдоо экологийн тэнцвэрт байгаль орчныг үлдээх үйлсэд нэгдэж, утаагүй уурын зуух байгуулахад нийт 4.5 сая доллар зарцуулсан байдаг. Утаагүй уурын зуухтай болсноор жилд 4,783 тн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулж буй юм. Ийнхүү байгальд ээлтэй, уурын зуухтай Монголын анхны хүнсний үйлдвэрийн хувьд ХКОМ-ын амжилттай хэрэгжиж буй загвар төслөөр шалгарч, 50 хувийн санхүүжилт авсан юм.
Японы Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Цүчияа Шинако:
“Би өмнө нь Байгаль орчны дэд сайдаар ажиллаж байсан бөгөөд манай засгийн газрын санхүүжилт олгосон хөтөлбөр хэрхэн амжилттай хэрэгжиж буйг өнөөдөр өөрийн нүдээр үзэж, танилцсандаа баяртай байна. Япон улсын хувьд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, байгаль орчиндоо ээлтэй байх нь аливаа нэгэн хувийн хэвшлийн байгууллага төдийгүй иргэн бүрд хамааралтай асуудал болсон бөгөөд бүхий л оролцогч талууд хүчин чармайлт гаргадаг болохыг хэлэхдээ таатай байна.”
М-Си-Эс Кока-Кола ХХК өмнө нь түүхий нүүрс ашигладаг зуухтай байх үед жилд 7000 орчим тонн түүхий нүүрс хэрэглэдэг байсан бол одоо түүхий нүүрсний зуух байрлаж байсан хуучин байгууламжаа сэргээн засварлаж, ажилтнуудын хоолны газар, спорт заал, бялдаржуулах өрөө, караоке зэргийг тохижууллаа.
НЭМЭЛТ МЭДЭЭЛЭЛ
М-Си-Эс Кока-Кола компани нь М-Си-Эс Интернэйшнл компанитай хамтран төслөө хэрэгжүүлэхдээ Японы NTEC компанийн найман ширхэг ус халаах зуух, БНСУ-ын DAEYEOL компанийн дөрвөн ширхэг хийн түлшээр ажилладаг уурын зуухыг ашиглалтад оруулсан.
Монгол Улс дэлхийн нийт хүлэмжийн хийн ялгарлын 0.1%-ийг үйлдвэрлэдэг боловч үүнээс үүдэлтэй дулаарал манай улсад дэлхийн дунджаас 2.5 дахин эрчимтэй явагдаж, уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн ихээр өртөж байгаа эрсдэлт орнуудын тоонд багтдаг.
Монгол Улс хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он гэхэд 22 хувь хүртэл бууруулах зорилтод бодитой хувь нэмрээ оруулсан.
Засгийн газраас гаргасан тогтоолуудын хэрэгжилтийг хангах, мөн нийгмийн хариуцлагын хүрээнд, хэдийгээр ашиглалтын зардал өндөр боловч байгаль орчинд сөрөг нөлөөгүй, найдвартай, аюулгүй зэрэг хүчин зүйлүүдийг харгалзан үзэж үнэ өртөг өндөртэй ч гэсэн ШНХ (шингэрүүлсэн нефтийн хий)-н түлшээр ажилладаг Япон, Солонгос зуухнууд сонгосон.
Энэ зуухны газар нь М-Си-Эс Кока-Кола ус ундааны үйлдвэртэй дүйхүйц ижил хүчин чадал, овор хэмжээтэй үйлдвэрүүдийн өөрийн хэрэгцээний зуухны газруудыг шинэчлэхэд жишиг болж байгаа гэдгээр Монгол улсад болон хүнсний үйлдвэрийн салбарт анхдагч Уурын зуухны газар болсон юм.
Нүүрсэн түлштэй зуухтай харьцуулахад яндангаас гарч буй утаанд агуулагддаг нарийн ширхэглэлт тоосонцор болон хүхрийн исэл, нүүрсхүчлийн хийн давхар исэл зэрэг хорт бодисууд байдаггүй тул “Emission free” гэж хэлж болно.
Сонгосон зуух болон тоног төхөөрөмжүүд нь сүүлийн үеийн шинжлэх ухааны ололт, технологийг ашигласан, аюулгүй бүрэн автомат удирдлагатай юм.