Categories
Компани Мэдээ мэдээлэл

Хуванцрын Хаягдалгүй Наадъя

М-Си-Эс Кока-Кола компани, хуванцар дахин боловсруулах TML үйлдвэр “Хуванцрын Хаягдалгүй Наадъя” уриалгыг хоёр дахь жилдээ дэвшүүлж, Төв цэнгэлдэх хүрээлэнгийн эргэн тойронд цугларсан 600 кг хуванцрыг амжилттай цуглууллаа.

 

Үндэсний их баяр наадмын үеэр олон мянган наадамчин хуран цугларч, төдий хэмжээний хуванцрын хаягдал үүсдэг билээ. Тиймээс наадамчин олныг “М-Си-Эс Кока-Кола” компанийн RECYCLE ME эко саванд хуванцрын овор хэмжээг багасгаж, ангилан ялгаж хаяхыг уриалах замаар тэдний дадал хэвшилд нөлөөлөх ажлыг ийнхүү зохион байгуулсан юм.

 

 

Түүнчлэн  олон нийтэд хуванцар сав дахин боловсруулах явцыг сонирхуулах зорилготой үзүүлэн байршуулж, дахин боловсруулсан буюу rPET материалыг өөрсдийн гараар хийж, олон нийтэд сонирхуулсан юм. Мөн хуванцрыг дахин боловсруулснаар хувцасны түүхий эд болдгийг харуулах зорилгоор богино ханцуйтай цамц, цүнх, малгай зэргийг үзүүлэнд толилууллаа.

 

“М-Си-Эс Кока-Кола” компанийн Олон нийт, мэдээлэл харилцааны менежер Э.Оюун-Эрдэнэ:

 

 

Манай хуванцар савны нийлүүлэгч буюу хуванцар сав дахин боловсруулах “Tи Эм Эл” үйлдвэр маань хуванцар цуглуулах ажлыг хариуцаж байгаа. Бид борлуулсан ундаа тутмынхаа 47 хувьтай тэнцэхүйц хуванцрыг цуглуулдаг байсан бол кампанит ажил өрнүүлж буй сүүлийн нэг жилд цуглуулалт маань 61 хувь болж өссөн байна. Өөрөөр хэлбэл, хуванцраа ангилан ялгадаг байгууллага, СӨХ, үзвэр үйлчилгээний газрууд маань хуванцраа бидэнд нийлүүлдэг болж байна гэсэн үг.

Хуванцар сав дахин боловсруулах “Tи Эм Эл” үйлдвэр хог хаягдал үүсгэдэг бүхий л газруудтай биечлэн уулзаж, хамтран ажиллах хүсэлт тавьж буй юм. Одоогийн байдлаар “Tи Эм Эл” үйлдвэрт хуванцар нийлүүлэх гэрээ байгуулсан 839 байгууллага буйгаас бодитоор нийлүүлж эхэлсэн байгууллагын тоо 390 орчим болжээ.

 

Бидний ажилд дэмжлэг үзүүлсэн Хот тохижилтын газрын хамт олонд талархал илэрхийлье.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн