Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс группийн компаниуд хуванцар цуглуулах “RECYCLING CHAMPION” уралдааныг амжилттай зохион байгууллаа

М-Си-Эс Групп нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байх зарчмыг баримталж, тогтвортой хөгжлийн зөв жишгийг ажилтнууддаа болон хамтран ажиллагсдадаа үлгэрлэж, хэрэгжүүлэхийг уриалж ирсэн. Энэ хүрээнд М-Си-Эс Группт ажилладаг ажилтан бүрээр дамжуулан хариуцлагатай хэрэглээг олон нийтэд дадал болгохоор зорьж, энэ зорилгодоо ажилтан бүрийн оролцоог нэмэгдүүлэхээр хог хаягдлыг ангилан цуглуулж, дахин боловсруулах, дахин ашиглах санаачилгуудыг хэрэгжүүлж байна.

 

Энэ удаад “Recycling Champion” хуванцар цуглуулах уралдааныг М-Си-Эс Группийн компаниуд дунд зохион байгуулсан ба энэхүү уралдаанаар дамжуулан ажилтан бүр өөрийн ажиллаж, амьдарч буй орчин дахь хуванцрын хог хаягдлыг цуглуулж, дахин боловсруулах үйлдвэрт хүргүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, нийгэмдээ эерэг дадлыг бий болгохыг зорьсон юм. М-Си-Эс Кока-Кола компанийн санаачилгаар хэрэгжсэн энэхүү уралдааныг Анунгоо, Вэллбий болон Тотал Дистрибюшин компаниуд хамтран зохион байгуулсан бөгөөд уралдааны хүрээнд бүтэн нэг сарын турш хуванцар цуглуулжээ.

 

Шилжин явах цомын эзэн - Мэтагро ХХК, II байр - Энержи ресурс ХХК, III байр - Топ Моторс ХХК

 

Хог хаягдлын менежментийг ахисан түвшинд нэвтрүүлэх, ажилтнууддаа зөв хандлага, соёлыг түгээх зорилгоор М-Си-Эс Группийн компани бүр оффистоо дахивар ангилан ялгах зориулалтын савыг байршуулсан. Энэхүү санаачилгын хүрээнд PET болон HDPE төрлийн хуванцрын хаягдлыг зөв ангилан ялгах талаар сургалтыг уралдаан эхлэхийн өмнө компани бүрт зохион байгуулж, зааварласан юм. Ингэснээр ажилтнууд хаягдлыг дахин боловсруулах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжуудын талаар мэдээлэл авсан.

 

 

Түүнчлэн, ажилтнуудын оффистоо цуглуулсан дахиврыг нэгтгэн дахин боловсруулах үйлдвэр рүү долоо хоног тутам тогтмол тээвэрлэх ачилтыг компани тус бүрт нэвтрүүлж, нэмэгдүүлснээр “Recycling Champion” уралдаанд оролцох ажилтнуудын идэвх ч мөн нэмэгджээ.

 

Уралдаанд М-Си-Эс Группийн 20 компанийн 7,000 ажилтан идэвх санаачилгатай, бүтээлчээр оролцож, нэг сарын хугацаанд 4 тонн хуванцар цуглуулж чаджээ. Ажилтнууд өөрийн гэр болон ойр орчим дахь хуванцрыг цуглуулах ажлыг эрчимтэй өрнүүлсэн юм. Түүнчлэн уралдааны сүүлийн өдөр нийт ажилтан болон тэдний гэр бүлд зориулж “Recycling Champion” өдөрлөгийг зохион байгуулж, хуванцар дахин боловсруулах явцын талаар мэдээлэл өгснөөс гадна, хөгжөөнт тэмцээн, “Хогон мангас” хүүхдийн жүжиг зэргийг толилуулсан аж.

 

 

Уралдааны хүрээнд мөн оролцогчид өөрийн байгууллагадаа хуванцрыг хэрхэн ангилдаг тухай бүтээлч рийл бүтээж, бусдадаа туршлагаасаа хуваалцсан байна.

 

М-Си-Эс Группийн ажилтнуудын ангилж цуглуулсан хуванцраас:
– Ус, ундааны PET хуванцар савыг дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэрт,
– HDPE хуванцар дахин боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч INMO Студи, “Хэв Хашмал” компаниудад тус тус нийлүүлсэн байна.

 

Ингэснээр уралдааны хүрээнд цуглуулсан 4 тонн хуванцар нь ус, ундааны хуванцар сав, тавилга, хэв хашмал болж “дахин төрөх” боломжтой юм.

 

 

Хуванцар дахин боловсруулж хийсэн цом, өргөмжлөл

 

Сонирхуулахад, уралдаанд оролцсон М-Си-Эс Группийн 20 компани 40 өөр байршилд хуванцар цуглуулж өрсөлдсөн бөгөөд дөрөв нь хөдөө орон нутаг дахь салбар дээрээ хуванцар цуглуулж, Тотал Дистрибюшин компаниар дамжуулан Улаанбаатар хот руу илгээсэн байна.

 

 

Ийнхүү зохион байгуулагч М-Си-Эс Кока-Кола, Анунгоо, Вэллбий, Тотал Дистрибюшин компаниуд нь өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгч, худалдаалагч компаниудад өөрсдийн бүтээгдэхүүний савлагаандаа хариуцлагатай хандаж, эргэн цуглуулах хандлагыг хамтран түгээж байгаа төдийгүй байгальд ээлтэй зөв дадлыг төлөвшүүлэхээр зорьж буй энэхүү уралдааныг М-Си-Эс Группийн ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон хэрэгжүүлэхээр болсон.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн