Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола компани Монгол улсын ууган их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

МУИС болон “М-Си-Эс Кока-Кола” компани хамтран олон талт хамтын ажиллагаа хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа. Дэлхийн брэндийг Монголдоо уриатай “М-Си-Эс Кока-Кола” компани нь 2001 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Кока-Кола компанийн стандартын дагуу олон шинэ технологи, дэлхийн стандартуудыг нэвтрүүлж, эх орныхоо эдийн засаг, нийгэмд чухал хувь нэмэр оруулж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлсээр ирсэн.

 

Тиймээс уг санамж бичгийн хүрээнд Монгол улсын ууган их сургуульд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, байгальд ээлтэй сургуулийн орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх; байгаль орчин, нийгэм засаглалын чиглэлээр сургалт судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх; хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр хамтран ажиллах юм.

 

МУИС-ийн Ректор Б. Очирхуяг: “МУИС-ийн 2025-2030 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд төр, хувийн хэвшил, аж үйлдвэр, сургалт, судалгааны байгууллагатай хамтран, тус тусын нөөцөд түшиглэн байгальд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх, хог ангилах тогтолцоо бий болгох, судалгаа, инновацын чадамжийг бэхжүүлэх, олон улсын өндөр түвшинд өрсөлдөх чадвартай шилдэг мэргэжилтэн бэлтгэх зорилт тусгагдсан байдаг. Уг зорилттой уялдуулан “М-Си-Эс Кока-Кола” компанитай хамтран хэрэгжүүлэх гэж буй ажил нь тогтвортой хөгжлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх чухал алхам болно гэж үзэж байна. Иймээс хамтын ажиллагааг эхлүүлж буйдаа баяртай байна.”

 

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л. Мягмаржав: ““ESG буюу Байгаль орчин, Нийгэм, Засаглал”-ын бодлого нь байгууллагын урт хугацааны тогтвортой байдлыг баталгаажуулдаг чухал шалгуурын нэг бөгөөд зөвхөн ашгийн төлөөх бизнесийн зорилго бус, харин нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага юм. Монгол Улсад жил бүр нэмэгдэж буй хуванцрын хэрэглээ, хаягдлыг зөв зохистой ангилах тогтолцоо нь тогтвортой хөгжлийн зорилтыг бодит ажил хэрэг болгох чухал алхмын нэг. Тиймээс ирээдүйн мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчдад хариуцлагатай хэрэглээний дадал хэвшил төлөвшүүлэх, суралцах, хамтын ажиллагаа бий болгох зорилготой. Энэхүү хамтын ажиллагаа тогтвортой хөгжлийн манлайллыг түгээн дэлгэрүүлэх стратегийн ач холбогдолтой ажил болж байна.
МУИС-ийн харьяаны бүрэлдэхүүн сургууль, сургалт судалгааны хүрээлэн, номын сан зэрэг 10 гаруй барилга байгууламжид 1600 багш ажилтан, 23 мянган оюутан суралцаж байна. Тиймээс санамж бичигт тусгагдсан зорилтот ажлуудын хүрээнд салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн ажилтнуудын хамтын оролцоог бий болгож, судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулах болон өгөгдлийг хамтран ашиглах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад хувь нэмрээ оруулах явдал юм.”

 

 

Түүнчлэн шинэ үеийн оюутан, залууст олон улсын арга барилаас суралцах, түүний бүрэлдэхүүн хэсэг болж, ажлын байранд дадлагажих, цаашид үндсэн ажилтнаар ажиллах боломжийг бий болгох тал дээр хамтран ажиллана. Энэхүү санамж бичгийг байгуулснаар МУИС-ийн ирэх таван жилийн стратеги зорилтын дагуу багш, ажилтан, оюутнуудад хог хаягдлаа ангилан ялгах амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх “Хуванцрын хаягдалгүй жишиг их сургууль” болох ажлыг талууд ийнхүү эхлүүлж байна.