Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн орон даяар өрнөж буй билээ. Энэ хүрээнд “Кока-Кола” компанийн албан ёсны франчайзинг эрхтэйгээр 21 дэх жилдээ үйл ажиллагаа явуулж буй “М-Си-Эс Кока-Кола” компанийн үйлдвэртэй Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцлаа.

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь 950 гаруй ажилтантай, Монгол улсын ТОП 100 ААН-ийн нэг бөгөөд дэлхийн түвшинд үйлдвэрлэл эрхэлж, чанар стандартын тогтолцоо хэрэгжүүлдэг. Өнөөдрийн байдлаар 21 брэндийн 160 төрлийн ундаа, ус, жүүс, цай үйлдвэрлэж, улс орон даяарх 16 мянга гаруй харилцагчдаар дамжуулан Монголын хэрэглэгчдэд Дэлхийн брэндийг хүргэж байна.

 

 

“Хил гаалийн хүндрэл бэрхшээлтэй холбогдуулан хүнсний хангамжид анхаарах шаардлагатай байгаа. Ирэх жилүүдэд үндсэн 19 нэр төрлийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангаж, улмаар экспортлох зорилт тавьсан. Үүнд үндэсний үйлдвэрлэгч, баялаг бүтээгч “М-Си-Эс Кока-Кола” компани чухал хувь нэмэр оруулна. М-Си-Эс Групп нь улс орондоо оруулж буй хувь нэмрээр Монгол улсын “стратегийн чухал” ач холбогдолтой компани юм” хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх онцлов.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь VIO нэрийн дор үйлдвэрлэн борлуулах эрх авсан анхны бүтээгдэхүүн болох Millenia байгалийн эрдэст усаар импортын бүтээгдэхүүнийг орлож, цаашлаад экспортлох зорилтыг тавиад буй билээ.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани 2018 оноос хойш “Сахарын агууламж бууруулах” хөтөлбөрийг үе шаттай хэрэгжүүлж байна. Нийт 46 амтаас одоогоор 8 төрлийн амтын сахарын хэмжээг үе шаттайгаар бууруулсан бөгөөд цаашид жил тутам 1-2 төрлийн амтыг бууруулахаар төлөвлөж байна.

 

Хэрэглэгчид сонголтыг бий болгох үүднээс сахаргүй 8 төрлийн амт, сахарын агууламж 5 хувиас бага 9 төрлийн амтыг санал болгож байна.

 

Үүнтэй холбоотойгоор чихрийн агууламж орсон бүтээгдэхүүний зохист хэрэглээг нэвтрүүлэх, хэрэглэгчийн боловсролд анхаарах шаардлагатай байгаа талаар энэ оны 3-р сард өргөн барьсан “Чихрийн агууламж орсон хийжүүлсэн болон хийжүүлээгүй амтат ус, ундааг онцгой албан татвартай болгох тухай хуулийн төсөл”-д саналаа өгсөн тухай Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав онцоллоо.

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь өнгөрсөн хугацаанд нийгмийн хариуцлага, тогтвортой хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд сүүлийн арван жилд 1 л бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд ашиглах усны хэмжээг хоёр дахин бууруулж, үйлдвэрийн бүхий л явцад ашигласан усыг цэвэршүүлэх байгууламж ашиглалтад оруулжээ.

Мөн хийн түлшээр ажилладаг, байгальд ээлтэй, утаагүй уурын зуух ашиглалтад оруулаад байна. Түүнчлэн 2030 он гэхэд борлуулсан ундааны бүх саваа дахин боловсруулах зорилтын хүрээнд “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” хөтөлбөр хэрэгжүүлж, олон нийтийг хогоо ангилан хаях дадал хэвшил суулгах кампанит ажил өрнүүлээд буй билээ.

 

 

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн