Categories
Онцлох мэдээ Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн “Бахархлаар бялхсан 25 жил”-ийн ой тохиож байна

Монгол улсын үндэстний компани анх удаа Кока-Кола гэр бүлд нэгдэж, “Дэлхийн брэндийг Монголдоо” уриатай М-Си-Эс Кока-Кола компани үүсгэн байгуулагдсаны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна.

 

Дэврүүн хүсэл, бүтээн босгох урам зоригоор эхэлж байсан тус компани энэ хугацаанд олон улсын стандартыг Монголдоо амжилттай нэвтрүүлж, шингэн хүнсний үйлдвэрлэл, маркетинг, менежментийн хөгжлийг шинэ шатанд гаргажээ. Өнөөдөр Кока-Кола гэр бүлийн Монгол дахь гишүүн М-Си-Эс Кока-Кола компани улс орон даяар 16 мянган харилцагчтай, 1200 гаруй ажилтантай “өнөр гэр бүл” болсон байна.

 

Кока-Кола Монголд хэрхэн орж ирсэн бэ?

 

М-Си-Эс Групп 2001 онд франчайзинг эрхээ авснаар Монгол Улс дэлхийн бусад улс, орчин үеийн зах зээлээс суралцах, түүний бүрэлдэхүүн хэсэг болох үүд хаалга нээгдсэн түүхтэй. Анхны үйлдвэр 2002 онд ашиглалтад орж, анх удаа дотооддоо үйлдвэрлэсэн шилтэй “Кока-Кола” ундаа хэрэглэгчдийн гарт хүрч эхэлжээ.

 

Өнөөдөр тус компани ISO 9001, FSSC 22000, ISO 45001, ISO 14001 олон улсын стандартуудыг хэрэгжүүлэн ажиллаж, Coca-Cola, Fanta, Sprite, Bonaqua, Fuze Tea, Minute Maid, Schweppes зэрэг 20 гаруй брэндийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн хэрэглэгчдэд хүргэж байна.

 

Олон улсын зах зээлээс Монголд нэвтрүүлсэн туршлагууд

 

М-Си-Эс Кока-Кола компани нь маркетинг, борлуулалт, түгээлтийн олон улсын шилдэг туршлагыг Монголдоо нутагшуулж, салбартаа манлайлсаар ирсэн. Кока-Колагийн сайн туршлагаас “RED” (Right Execution Daily) буюу “Өдөр тутмын зөв гүйцэтгэл” системийг нэвтрүүлж, харилцагчдаас урьдчилсан захиалга авах, хөргөгч тавиур байршуулах, өрөлтийн стандарт мөрдүүлэх замаар буюу RED стандартыг мөрдүүлдэг болжээ.

 

Мөн үйлдвэрээс шууд хэрэглэгчийн гарт хүрэх үндэсний хэмжээний түгээлтийн тогтолцоог Монголд даяар амжилттай нэвтрүүлсэн байдаг.

 

Үүний зэрэгцээ iCoke хэрэглэгчийн урамшуулалт хөтөлбөр, “Happiness Center” залууст зориулсан төв, Coke’n Beat хөгжмийн наадам, 150 маркетингийн цогц хөтөлбөр зэрэг томоохон санаачилгуудыг хэрэгжүүлж, маркетингийн шийдлүүдийг Монголын зах зээлд нутагшуулахад үнэтэй хувь нэмэр оруулжээ.

 




 

Спортын хөгжилтэй хамт өссөн 25 жил

 

Кока-Кола брэнд дэлхий даяар спортын томоохон арга хэмжээнүүдтэй салшгүй холбоотой байдаг. Монгол Улсад ч энэ уламжлал үргэлжилж, М-Си-Эс Кока-Кола компани 2002 оноос хойш 3×3 сагсан бөмбөг болон Sprite League тэмцээнийг тогтмол дэмжиж иржээ.

 

Мөн 2008 онд Олимпын хөдөлгөөнийг дэмжсэн үйл ажиллагаагаараа МҮОХ-ны “Олимпизмыг дэмжигч байгууллага”-аар шалгарч байсан бол 2018 онд Монгол Улсад анх удаа FIFA World Cup Trophy Tour буюу Хөлбөмбөгийн ДАШТ-ий цомын аяллыг зохион байгуулсан нь спортын салбар дахь онцлох үйл явдлуудын нэг болсон юм. Өдгөө 2026 онд “ТОП Олимпын түнш” түншлэлийн гэрээ байгуулж, “Лос Анжелес-2028” Олимпын наадмын хүрээнд хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ үзэглээд байна.

 





 

Та үйлдвэртэй танилцаж болдгийг мэдэх үү?

 

М-Си-Эс Кока-Кола компани 2005 оноос эхлэн үйлдвэртэй танилцах аяллыг зохион байгуулж эхэлсэн бөгөөд өнөөдрийг хүртэл 60,000 гаруй хүн үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцаад байна.

 

Өдгөө сонирхсон иргэн, оюутан, байгууллагын төлөөлөл долоо хоног бүр үйлдвэрийн аялалд хамрагдан бүтээгдэхүүн хэрхэн үйлдвэрлэгддэг, чанар аюулгүй байдлыг хэрхэн хангадаг талаар бодитоор үзэж танилцах боломжтой юм.

 

Тогтвортой хөгжлийн түүчээлэгч

 

25 жилийн хугацаанд М-Си-Эс Кока-Кола компани үйлдвэрлэлийн хүчин чадлаа тогтмол нэмэгдүүлж, байгаль орчинд ээлтэй технологиудыг нэвтрүүлсээр иржээ.

 

Тухайлбал:

  • 2009 онд Амгалан дахь шинэ үйлдвэрээ ашиглалтад оруулж, хүчин чадлаа 3.4 дахин нэмэгдүүлэв.
  • 2010 онд MBR технологид суурилсан хаягдал ус цэвэрлэх байгууламжийг өргөтгөв.
  • 2021 онд түүхий нүүрсний хэрэглээг бүрэн халсан утаагүй уурын зуух ашиглалтад оруулав.
  • 2023 онд Сэлэнгэ аймагт Vio Millenia байгалийн эрдэст усны үйлдвэрийг нээв.
  • 2025 онд бүс нутагтаа анхдагч хуурай технологид суурилсан Тогтуун ундааны асептик үйлдвэрийг ашиглалтад оруулав.
  • 2026 онд Монголын зах зээлд 100 хувь дахин боловсруулсан хуванцар савлагаатай анхны Bonaqua брэндийн усыг нэвтрүүлэв.

 

 

Эдгээр ажлын үр дүнд тус компани НҮБ-ын “Тогтвортой хөгжлийн манлайлагч”, Кока-Кола компанийн бүсийн “Шилдэг үйлдвэрлэгч”, Монгол Улсын “Усны элч” байгууллага зэрэг нэр хүндтэй шагналуудыг хүртээд байна.

 

Монголын эдийн засагт оруулсан хувь нэмэр

 

М-Си-Эс Кока-Кола компани байгуулагдсан цагаасаа эхлэн Монгол Улсын төсөвт тогтмол хувь нэмэр оруулж ирсэн томоохон татвар төлөгчдийн нэг юм. Сүүлийн 5 жилийн хугацаанд 369.4 тэрбум төгрөгийн татвар болон 970 тэрбум төгрөгийн дотоодын худалдан авалт төвлөрүүлсэн нь улс орны эдийн засаг, дэд бүтэц, нийгмийн хөгжилд бодит хувь нэмэр болж ирснийг үнэлж, 2015 оноос хойш Монгол улсын ТОП-100 ААН-ийн нэгээр тасралтгүй шалгарч буй юм.

 

25 жилийн түүхэн замналаа дүгнэж буй энэ цаг үед М-Си-Эс Кока-Кола компани өнгөрсөн хугацаанд бүтээсэн ололт амжилтаа бататган, хариуцлагатай үйлдвэрлэл, тогтвортой хөгжил, инновацад суурилсан өсөлтийг үргэлжлүүлэн бий болгохоор зорин ажиллаж байна.
 

Бахархлаар бялхсан 25 жил

 

Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока Кола ХХК, Монголын Үндэсний Олимпын Хороо хамтын ажиллагааны түншлэлийн гэрээ байгууллаа

Олон улсын Олимпын өдрийг тохиолдуулан М-Си-Эс Кока Кола ХХК болон Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ) “ТОП ОЛИМПЫН ТҮНШ” түншлэлийн гэрээг байгуулж, “Лос Анжелес-2028” Олимпын наадмын хүрээнд хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ.

 

Гэрээний хүрээнд МҮОХ нь 2026–2027 онд зохион байгуулагдах өөрийн үйл ажиллагаа болон олон улсын томоохон спортын наадмуудын мэдээлэл, сурталчилгааны сувгуудаар түнш байгууллагын оролцоог онцлон ажиллах бөгөөд “Айчи Нагояа 2026” Азийн XX наадам, “Дакар 2026” Залуучуудын IV Олимпын наадам, “Рияд 2026” Азийн танхимын болон тулааны спортын VI наадам зэрэг арга хэмжээнүүдэд хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

Мөн энэхүү түншлэлээр дамжуулан олимпын хөдөлгөөнийг дэмжих, ирээдүйтэй тамирчдыг сурталчлах, спортын боловсрол, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан санаачилга, идэвхжүүлэлтийн ажлуудыг хэрэгжүүлэхийг зорьж байна.

 

 

Б.БАТТҮШИГ, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

 

– Олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо чухал. Олон улсын Олимпын хороо “ТОП Түнш”-үүдээс санхүүжилт босгох зарчмын дагуу ажилладаг. Энэ жишгээр МҮОХ нь томоохон наадам, тэмцээнд оролцох тамирчдынхаа зардал, бэлтгэл сургуулилтыг санхүүгийн дарамтгүйгээр ТОП Олимпын түнш байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр зохицуулж байна. Энэ жил улсын төсөв хүндрэлтэй байгаа тул зарим спортын төрлүүд маань санхүүгийн асуудалтай тулгарсан. Энэ цаг үед М-Си-Эс Кока-Кола ХХК ТОП Олимпын түнш болох хамтын ажиллагааны гэрээ байгуулж буйд талархаж байна.

 

 

Л.МЯГМАРЖАВ, М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

 

– М-Си-Эс Кока Кола компани нь 2004 оноос МҮОХ-той хамтран тамирчдыг бодитоор дэмжих олон талт хөтөлбөр, үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. Бээжин 2008 Зуны олимпын наадамтай уялдуулан “Алтын төлөө хамтдаа” хөтөлбөр санаачилж, Монголын дөрвөн тамирчинтай анх удаа хамтран ажиллах гэрээ байгуулж, бэлтгэл сургуулилалтыг хангах чиглэлд дэмжлэг үзүүлж байв.

 

Манай тамирчид тус олимпын наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн спортын дэвжээнд өндөрт өргөснөөс гадна анх удаагаа олимпын наадмын алтан медалийг эх орондоо авчирсан түүхэн үйл явдал болсон билээ. “Лос-Анжелес 2028” Олимпын наадамд ч мөн адил МҮОХ өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, томоохон амжилт гаргах зорилго тавьсан. Энэхүү зорилтыг биелүүлэхэд М-Си-Эс Кока Кола компани өөрсдийн зүгээс бодитой дэмжлэгээ ийнхүү үзүүлж байна.

 

Талуудын байгуулсан энэхүү хамтын ажиллагаа нь Монголын спортын хөгжил, олимпын хөдөлгөөнийг хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр өргөжүүлэх, нийгэмд эерэг нөлөө бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. М-Си-Эс Кока Кола компани нь 2020-2024 онд МҮОХ-ны Албан ёсны түнш байгууллагаар ажиллаж байсан бөгөөд энэ хүрээнд 2021 онд МҮОХ-ны музейг хамтран тохижуулж байв.

 

Түүнчлэн тус компани нь багийн спорт, тэр дундаа 3х3 сагсан бөмбөгийн спортын хөгжилд тасралтгүй, системтэй хөрөнгө оруулалт хийсний үр дүнд Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр “Токио-2020” олимпын наадамд оролцох эрх авч чадсан. Мөн 2025 оны ДАШТ-д Монголын эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртсэн билээ.

 

Дэлхийн Кока-Кола компани нь 1928 оны Амстердамын олимпоос хойш 93 жил Олон Улсын Олимпын Хорооны албан ёсны түнш байгууллагаар тасралтгүй ажилласан бөгөөд олимпизмыг дэлгэрүүлэхэд хамгийн тогтвортой үнэнч түнш байсаар ирсэн юм.

Categories
Онцлох мэдээ Мэдээ мэдээлэл

“М-СИ-ЭС КОКА-КОЛА” ХХК ТОП-100 ААН-ИЙН 15 ДУГААРТ ЭРЭМБЭЛЭГДЛЭЭ

М-Си-Эс Кока-Кола” компани улсын төсөвт 91.1 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан тул Монгол улсын 2025 оны ТОП-100 ААН-ийн 15-рт эрэмбэлэгдлээ. Энэ жил 25 жилийн ой нь тохиож буй “М-Си-Эс Кока-Кола” компани улсад төвлөрүүлсэн татвар шимтгэл, бий болгож буй ажлын байр зэрэг үзүүлэлтээр ТОП-100 ААН-ийн нэгээр 2015 оноос шалгарч буй юм.

 

 

Улс орон даяар 16 мянган харилцагчтай “М-Си-Эс Кока-Кола” компани 20 брэндийн 163 төрлийн бүтээгдэхүүнийг дотоодод савлаж үйлдвэрлэн, Монголын хэрэглэгчдэд хүргэж байна. Өнгөрөгч 2025 онд тус компани 1160 хүнийг ажлын байраар хангаж, дотоодын бизнес эрхлэгчдээс 239 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авч, тэднийг дэмжин ажиллажээ.

Өнгөрсөн онд тус компанийн бүтээн байгуулсан, голлох ажлуудаас дурдвал,
– Бүс нутагтаа анхлан хуурай технологид суурилсан, Тогтуун ундааны асептик үйлдвэрийг ашиглалтад оруулж, байгальд ээлтэй дэвшилтэт технологи нэвтрүүлсэн.

– Төр хувийн хэвшлийн түншлэлээр Монголд анх удаа үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станц ТӨХК-ийн технологийн хэрэгцээнд дахин ашиглаж эхэлжээ.

 

“М-СИ-ЭС КОКА-КОЛА” ХХК БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭХ ЦОГЦ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

М-Си-Эс Кока-Кола” компани Байгальд ээлтэй бизнес эрхлэх цогц хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч онд:

– Нийт борлуулсан хуванцрын 50.2 хувьтай тэнцэхүйц хэмжээний хуванцрыг цуглуулж, түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл 100% Монголдоо дахин боловсруулсан савлагаатай Bonaqua усыг зах зээлд танилцуулж,

– Байгаль ээлтэй, утаагүй уурын зуухны тусламжтайгаар хүлэмжийн хийн ялгарлыг 4800 орчим тн-оор бууруулж, байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулжээ.

Categories
Хөтөлбөр Онцлох мэдээ Мэдээ мэдээлэл

Монгол Улсын Их Сургуульд хуванцар цуглуулах “RECYCLING CHAMPION” уралдааныг амжилттай зохион байгууллаа

Монгол Улсын Их Сургууль болон “М-Си-Эс Кока-Кола” компани хамтран олон талт хамтын ажиллагаа хэрэгжүүлэх санамж бичгийг өнгөрсөн онд байгуулсан. Энэ хүрээнд МУИС-ийн стратеги төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу багш, ажилтан, оюутнуудад хог хаягдлаа ангилж ялгах дадал хэвшил төлөвшүүлэх зорилготой “Recycling Champion” хуванцар цуглуулах уралдааныг амжилттай зохион байгууллаа.

 

М-Си-Эс Кока-Кола компанийн санаачилгаар хэрэгжсэн энэхүү уралдааныг Ти Эм Эл үйлдвэр болон МУИС-ийн холбогдох газар, нэгжтэй хамтран зохион байгуулсан бөгөөд уралдааны хүрээнд сар гаруйн хугацаанд хуванцар цуглуулжээ.

 

 

Хог хаягдлын менежментийг ахисан түвшинд нэвтрүүлэх, зөв дадал хэвшлийг түгээх зорилгоор Монгол улсын их сургуулийн хичээлийн байр бүрд хуванцар ангилах зориулалтын савыг байршуулсан байдаг.

 

Уралдааны хүрээнд сургуулийн зохион байгуулагч, үйлчилгээний ажилтан болон оюутны холбооны төлөөлөлд PET төрлийн хуванцрын хаягдлыг зөв ангилан ялгах талаар сургалтыг зохион байгуулж, улмаар нийт багш, оюутнуудад хуванцрыг дахин боловсруулахын ач холбогдлын талаар мэдээлэл өгсөн юм.

 

Түүнчлэн, хичээлийн байртаа цуглуулсан дахиврыг нэгтгэн дахин боловсруулах үйлдвэр рүү долоо хоног тутам тогтмол тээвэрлэх ачилтыг салбар сургууль тус бүрд нэвтрүүлснээр “Recycling Champion” уралдаанд оролцох оюутны идэвх нэмэгджээ.

 

Мөн уралдаанд оролцогчид өөрийн сургуульдаа хуванцрыг хэрхэн ангилдаг тухай бүтээлч рийл бүтээж, бусдадаа туршлагаасаа хуваалцсан байна.

 

 

Уралдаанд тус сургуулийн 8 салбар сургуулийн 16,000 гаруй багш, ажилтан, оюутан идэвх санаачилгатай, бүтээлчээр оролцож, нэг сарын хугацаанд 3,5 тонн хуванцар цуглуулж чаджээ. Ийнхүү зөв ангилж цуглуулсан сав нь Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд болох “Bonaqua” усны савны түүхий эд болж, дахин боловсруулагдаж буй юм. Хуванцар савыг ийнхүү хүнсний зориулалттайгаар дахин боловсруулах нь анхдагч түүхий эдээр хуванцар сав үйлдвэрлэснээс хүлэмжийн хийн ялгарлыг 3700кг -аар бууруулж буй аж.

 

Энэ нь 61,334 гаруй ширхэг модны бүтэн өдрийн турш шингээхтэй дүйцэх хэмжээний нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулах үр нөлөөтэй юм.

 

 

Хуванцраа хэрхэн зөв ангилах вэ?

 

Сонирхуулахад, Эх дэлхийгээ хайрлах үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй хэн бүхэн “Ти Эм Эл Пластик” үйлдвэрийн цуглуулалтын албатай 7610-7711 дугаараар холбогдож, хуванцраа хүлээлгэн өгөөрэй.

 

ЗААВАР: Хуванцраа хэрхэн ангилах вэ?

 

Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола компанийн “2025 оны тогтвортой хөгжлийн тайлан” нийтлэгдлээ

Олон улсын томоохон компаниуд бизнесийн үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгэм, хүн төрөлхтний сайн сайханд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, түүнийгээ олон нийтэд тайлагнадаг билээ. Энэ жишгийн дагуу М-Си-Эс Кока-Кола компани 2025 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа “Тогтвортой хөгжлийн тайлан”-д нэгтгэн, олон нийтэд нээлттэй мэдээллээ.

 

УСНЫ ДАХИН АШИГЛАЛТ

 

Тус компани 2025 онд БОНЗ-ын хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр Монголд анх удаа үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станцын технологийн хэрэгцээнд дахин ашиглах явдал байв. Энэхүү төслийг тус компани 3.5 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, шугам хоолой болон нэмэлт тоног төхөөрөмж суурилуулжээ.

 

Төр, хувийн хэвшлийн энэхүү хамтралын үр дүнд тус компанийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усны дахин ашиглалтын хэмжээ 45 хувь болж нэмэгдэх боломж бүрдээд байна.

 

САВЛАГАА

 

М-Си-Эс Кока-Кола компани борлуулсан бүх бүтээгдэхүүнийхээ савыг цуглуулж, 50 хувийг нь дахин боловсруулах зорилтоо 2022 онд олон нийтэд зарласан. Үүнээс хойш жил бүр ус, ундааны хуванцар цуглуулалтын хувийг тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний дүнтэй харьцуулж тайлагнаж байгаа бөгөөд өнгөрсөн онд хуванцар цуглуулалт 50.2 хувьд хүрсэн байна.

 

Тайлант онд хийсэн томоохон ажлын нэг нь хуванцар дахин боловсруулалтын ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой “Recycle me” interactive hub танин мэдэхүйн хөдөлгөөнт явуулын төв байсан юм. Энэхүү төвөөр дамжуулж 10 байршилд 60’000 гаруй хүнд мэдлэг олгожээ.

 

УУР АМЬСГАЛ

 

Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит нөлөө үзүүлж, байгальд ээлтэй утаагүй зуух, хөргөгч, сэрээт өргөгч машин, цахилгаан түгээлтийн машин зэргийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн юм.

НИЙГЭМ

 

Сонирхуулахад, М-Си-Эс Кока-Кола компани ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэр, сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдалд анхаарах бодлого хэрэгжүүлдэг бөгөөд удирдлагын бүхий л түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжин ажилладаг билээ.

 

Та М-Си-Эс Кока-Кола компанийн “Тогтвортой хөгжлийн тайлан”-тай танилцах бол ЭНД дарна уу

Categories
Онцлох мэдээ Мэдээ мэдээлэл

Bonaqua брэнд Монголын зах зээлд шинэ түүх бүтээлээ

Тогтвортой хөгжлийн манлайлагч М-Си-Эс Кока-Кола компани олон улсын хүнсний стандартад бүрэн нийцсэн, Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны бүтээгдэхүүн “BONAQUA” усыг худалдаанд нэвтрүүллээ. “Bonaqua” нь Монголын зах зээлд хамгийн урт хугацаанд оршин тогтнож буй хэрэглэгчдийн итгэлийг хүлээсэн ус бөгөөд ийнхүү хэрэглэгчдэдээ байгальд ээлтэй сав баглаа, хариуцлагатай сонголтыг санал болгож буй анхдагч брэнд болж байна.

 

Энэхүү санаачилга нь зөвхөн Монгол Улсад төдийгүй Кока-Кола компанийн тогтвортой хөгжилд түүчээлсэн олон ажлын нэг хэсэг юм. Дэлхийн Кока-Кола компанийн хэмжээнд Монгол Улс 100% дахин боловсруулсан хуванцар савлагааг нэвтрүүлж буй Азийн 11 дэх улс болж байгаа бөгөөд Япон, БНСУ зэрэг дахин боловсруулалтаар тэргүүлэгч тогтвортой хөгжлийн бодлогыг идэвхтэй хэрэгжүүлж буй өндөр хөгжилтэй орнуудын дараа энэхүү шийдлийг нэвтрүүлж буйгаараа онцлог юм.

 

ХАРИУЦЛАГАТАЙ ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЭ СОЁЛ

 

М-Си-Эс Кока-Кола компанийн хувьд түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэлх бүх шат дамжлагыг дотооддоо хэрэгжүүлж буй нь улс орны эдийн засаг болон байгаль орчинд эерэг нөлөөлөл үзүүлэх давуу талтай. Хуванцар савыг ийнхүү хүнсний зориулалттайгаар дахин боловсруулах нь анхдагч түүхий эдээр хуванцар сав үйлдвэрлэснээс хүлэмжийн хийн ялгарлыг 29 хувиар бууруулж буй аж.

 

 

Мод нь нүүрсхүчлийн хийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулдгийг бид мэднэ.

 

Харин та өдөрт 3 ширхэг Bonaqua сонгон хэрэглэснээр нэг модны бүтэн өдрийн “ажил”-тай дүйцэхүйц нүүрсхүчлийн хийн ялгарлыг бууруулахад хувь нэмэр оруулах боломжтой.

 

Тиймээс 100% дахин боловсруулсан савлагаатай Bonaqua хэрэглэх нь эх дэлхийгээ хайрлах бодитой алхам болох юм.

 

ХУВАНЦАР САВ ХЭРХЭН ДАХИН “ТӨРДӨГ” ВЭ?

 

Ус, ундааны хуванцар савны анхдагч түүхий эд нь нефть байдаг бол дахин боловсруулсан савлагааны түүхий эд нь та бидний хэрэглэсэн ус, ундааны PET-1 шошготой сав байдаг. Тиймээс хуванцар савлагаатай ус, ундааг хэрэглэсэн газартаа зориулалтын саванд ангилж цуглуулах нь хариуцлагатай хэрэглээний эхний алхам юм.

 

Таны ингэж цуглуулсан хуванцрыг “Ти Эм Эл” үйлдвэрийн цуглуулалтын компани өөрийн машинаар тээвэрлэж, дахин боловсруулах үйлдвэртээ нийлүүлдэг. “Ти Эм Эл” үйлдвэр нь 2021 онд байгуулагдсан бөгөөд Монгол улсад үүссэн ус, ундааны бүх хуванцрыг дахин боловсруулах хүчин чадалтай, дэлхийн стандартад нийцсэн Монгол улсад буй хүнсний зориулалттай хуванцар дахин боловсруулах цор ганц үйлдвэр юм.

 

Энд АНУ-ын Хүнс, эмийн удирдах газар, Европын Холбооны Хүнсний аюулгүй байдлын газрын стандартыг хангасан тоног төхөөрөмжөөр хуванцрыг дараах шат дамжлагын дагуу дахин боловсруулснаар, таны гарт дахин боловсруулсан савлагаатай Bonaqua очиж буй юм.

 

BONAQUA ДАХИН ТӨРӨХ ЯВЦ

 

 

Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай Bonaqua брэндийг сонгож, өдөр тутмын амьдралдаа байгальд хайртай хэрэглээг хэвшүүлэхийг уриалж байна.

Categories
Хөтөлбөр Онцлох мэдээ Мэдээ мэдээлэл

Монгол Улсын ууган их сургууль “Хуванцрын хаягдалгүй жишиг их сургууль” болно

“М-Си-Эс Кока-Кола” компани нь Монгол Улсын Их Сургуультай өнгөрсөн онд олон талт хамтын ажиллагаа хэрэгжүүлэх санамж бичиг байгуулсан. Уг санамж бичгийн хүрээнд үндсэн гурван чиглэлээр хамтран ажиллаж байгаагийн нэг нь МУИС-ийн ирэх таван жилийн стратегийн зорилтын дагуу Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, байгальд ээлтэй сургуулийн орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх юм.

 

Энэхүү зорилтын дагуу багш, ажилтан, оюутнуудад хог хаягдлаа ангилж ялгах дадал хэвшил төлөвшүүлэх зорилготой “Recycling Champion” уралдааныг М-Си-Эс Кока-Кола компани, Ти Эм Эл Пластик үйлдвэртэй хамтран зохион байгуулах гэж байна.

 

 

Тус сургуулийн харьяаны бүрэлдэхүүн сургууль, сургалт судалгааны хүрээлэн, номын сан зэрэг 10 гаруй барилга байгууламжид 1500 багш ажилтан, 25 мянган оюутан суралцдаг. Тиймээс хуванцраа ангилах дадал суулгах зорилтот ажлын хүрээнд МУИС-ийн Хамтын ажиллагааны газар, Хангамж үйлчилгээний алба болон Оюутны холбоодтой хамтарч, дараах багц ажлуудыг хэрэгжүүлж байна.

 

1. Хуванцраа ангилан ялгах зориулалтын савыг хичээлийн байр тус бүрд өнгөрсөн оноос байрлуулав.

 

 

2. Хуванцраа ангилан ялгах, Ти Эм Эл үйлдвэртэй танилцах гэх мэт шат дараатай сургалтыг зохион байгуулж байна.

 

 

3. “Recycling Champion” уралдааны хүрээнд долоо хоног бүрийн Лхагва гарагт “Ти Эм Эл Пластик” үйлдвэр өөрийн цуглуулалтын машинаар сургуулийн таван цэгээс цугларсан ус, ундааны хуванцрыг татан авна.

 

 

“Recycling Champion” хуванцар цуглуулах уралдаан нь 5-р сарын 15 хүртэл зохион байгуулагдах бөгөөд энэ хугацаанд МУИС-ийн хэмжээнд дахивраа ангилан ялгах, цуглуулалт, тээвэрлэлтийн цогц системийг төлөвшүүлэхээр зорьж байна.

 

 

М-Си-Эс Кока-Кола компани нь 2030 он гэхэд борлуулсан бүх бүтээгдэхүүний савыг цуглуулж, дахин боловсруулах зорилт тавьсан байдаг. Энэ хүрээнд тус компанийн санаачилгаар байгуулагдсан хуванцар дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэр нь одоогоор 1610 гаруй СӨХ, ААН-ээс ус, ундааны хуванцар шууд татан авч, дахин боловсруулж байна.

 

Хуванцраа хэрхэн зөв ангилах вэ?

 

 

Сонирхуулахад, ингэж зөв ангилж цуглуулсан сав нь Монголдоо 100% дахин боловсруулсан савлагаатай анхны брэнд болох “Bonaqua” усны савны түүхий эд болж, дахин боловсруулагдаж буй юм.

 

Эх дэлхийгээ хайрлах үйлсэд хувь нэмрээ оруулах хүсэлтэй хэн бүхэн “Ти Эм Эл Пластик” үйлдвэрийн цуглуулалтын албатай 7610-7711 дугаараар холбогдож, хуванцраа хүлээлгэн өгөх боломжтой.

Categories
Хөтөлбөр Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

“MCS Internship 2026” цалинтай дадлагажих хөтөлбөрөө зарлаж байна

 

Их, дээд сургуулийн оюутан залууст ажлын гараагаа зөв, системтэй эхлүүлж, бодит туршлага хуримтлуулангаа өөрийгөө хөгжүүлэх, шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, бизнесийн байгууллагын соёлд суралцах боломж олгодог “MCS Internship 2026” цалинтай дадлагажих хөтөлбөрийн бүртгэл эхэлж байна.

 

2022 оноос хэрэгжүүлж буй “MCS Internship” хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургуулийн 220 гаруй оюутан М-Си-Эс Группийн компаниудад цалинтай дадлагажиж, үндсэн ажилтнаар ажиллах санал авсан оюутнууд үргэлжлүүлэн амжилттай ажиллаж байгаа юм.

 

“MCS Internship” хөтөлбөрт хамрагдсанаар оюутан залуус практикт суурилсан ажлын бодит туршлага болгон хуримтлуулахаас гадна хувь хүний хөгжлийн сургалт, олон нийтийн ажилд оролцож, М-Си-Эс Группийн менторуудаас зөвлөгөө аван танилын хүрээгээ тэлэх зэргээр дадлагын гурван сарын хугацааг үр бүтээлтэй өнгөрөөх юм. Түүнчлэн М-Си-Эс Группийн компаниудад үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллах боломж бий.

 

Хөтөлбөрт бүртгүүлэхэд тавигдах шаардлага:

 

– Их, дээд сургуулийн 3, 4-р курсийн оюутан байх
– Голч дүн 2.8 ба түүнээс дээш байх

 

Хөтөлбөрт хамрагдах мэргэжлийн чиглэл:

 

– Барилгын инженер
– Бизнес хөгжил
– Борлуулалт
– Инженер техник
– Контент медиа, дизайн
– Маркетинг
– Механикийн инженер
– Мэдээллийн технологи, программ хангамж
– Нягтлан бодох бүртгэл
– Олон нийтийн харилцаа
– Санхүү, өгөгдлийн сан
– Тээвэр ложистик
– Үйлдвэрлэл
– Худалдан авалт
– Хууль, эрх зүй, нийцэл
– Хүний нөөц, захиргаа
– Цахилгааны инженер
– Эрсдэлийн удирдлага

 

Хөтөлбөрт бүртгүүлэх холбоос: careers.mcs.mn

 

Бүртгэлийн хугацаа: 2026 оны 4 сарын 20-ны өдрийг дуустал
Сонгон шалгаруулалт: 2026 оны 4 сар

 

Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Имэйл: hrmanager@mcs.mn
Утасны дугаар: 7777 8833

Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола компани “Усны элч” байгууллагын үүргийг тогтмол гүйцэтгэнэ

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас усны нөөцийг хамгаалах, усны зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, олон нийтэд усны үнэ цэн, ач холбогдлыг сурталчлан таниулах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн М-Си-Эс Кока-Кола компанийг Монгол улсын “Усны Элч” байгууллагаар дахин өргөмжилж, цаашид энэ чиглэлд тогтмол ажиллах хүндтэй үүрэг хүлээлгэлээ.

 

“Дэлхийн брэндийг Монголдоо” уриатай М-Си-Эс Кока-Кола компани нь усны үр ашигтай хэрэглээг дэмжих зорилтынхоо хүрээнд усны хэрэглээг бууруулах, хэрэглэсэн усаа цэвэрлэх, дахин ашиглах зарчмыг хэрэгжүүлдэг.

 

М-Си-Эс Кока-Кола нь “Усны элч” байгууллагын хувьд өнгөрсөн онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Монголд анх удаа Амгалан дулааны станц ТӨХК-ийн технологийн хэрэгцээнд үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усаа нийлүүлж эхэлсэн нь Улаанбаатар хотын эрчим хүч, усны менежментийн салбарт шинэ шат ахиулсан түүхэн үйл явдал болсон юм. Ингэхдээ өөрийн хөрөнгө оруулалтаар 3.5 тэрбум төгрөгийн нэмэлт тоног төхөөрөмж, шугам хоолой суурилуулжээ. Амгалан дулааны станц ТӨХК нь технологийн хэрэгцээний усны 40 хувиа ийнхүү авдаг болсноор 600 мянган хүний нэг өдрийн усны хэрэглээтэй дүйцэхүйц газрын доорх усны нөөцийг хамгаалж буй билээ.

 

Ийнхүү халаалтын улиралд үйлдвэрийн цэвэрлэсэн ус ашиглах томоохон хэрэглэгчтэй болсноор тус компанийн усны дахин ашиглалт 45% хүрсэн бөгөөд 2030 он гэхэд 100% хүргэх зорилттой ажиллаж байна.

 

 

Усны газрын дарга З.Батбаяр: Усны нөөцийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан иргэн, байгууллагыг Усны газраас “Усны элч”-ээр тодруулдаг уламжлалтай. М-Си-Эс Кока-Кола компанийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станцын технологийн хэрэгцээнд ашигласнаар өрх бүр тухтай амрах боломж бүрдэж, цаашлаад Улаанбаатар хотын усан хангамжийн тогтвортой байдал бодитоор сайжирч байна.

 

Цаашлаад хувийн хэвшлийн энэ байгууллага усны дахин ашиглалт, үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласаар буй нь маш сайшаалтай. Тус компанийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг илүү олон байгууллага авч хэрэглэж, усны нөөцөө хамгаалахыг уриалж байна.

 

 

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Л.Мягмаржав: Цаашид хувийн хэвшлийн хувьд усны үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлд оролцож ажиллана. Учир нь бид усаа хайрлах хэрэгтэй. Усыг хайрлаж хэрэглэнэ гэдэг нь зүй зохистой хэрэглэж, хэрэглэснээ эргүүлж ашиглах явдал.

 

Манай компани үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усныхаа дахин ашиглалтыг 100% хүргэх зорилтынхоо хүрээнд Амгалан Дулааны Станц ТӨХК-иас гадна халаалтын бус улиралд манай усыг хэрэглэх боломжтой томоохон хэрэглэгчийг эрж хайхын сацуу бусад олон төрлийн хэрэгцээнд цэвэрлэсэн усаа дахин ашиглах боломж шийдлийг судалж байна.

 

Монгол улсын нормоор 1л бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны хэмжээ 12.5л байдаг бол М-Си-Эс Кока-Кола 2025 оны байдлаар 2.25л ус зарцуулсан байна. Усны үр ашигтай хэрэглээг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд тус компани усны зарцуулалтыг 2030 он гэхэд 1.7л болгож бууруулах зорилттой ажиллаж байна.

 

Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

100% хүрэх замнал: Хуванцрыг дахин боловсруулах гинжин хэлхээ бий болгох нь

 

М-Си-Эс Кока-Кола компани 2030 он гэхэд борлуулсан бүтээгдэхүүний бүх саваа цуглуулж, 50 хувийг нь дахин боловсруулж ашиглах зорилт тавиад байгаа билээ. Манай компани түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл Монголд 100% дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүнийг зах зээлд тун удахгүй танилцуулах гэж байна.

 

Ийнхүү Монголд анх удаа дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүн нэвтрүүлэхийн тулд бид олон нийтийн дадал хэвшилд нөлөөлөх, хуванцар ангилж, цуглуулах кампанит ажлыг 2022 онд эхлүүлсэн байдаг.

 

Монгол улсад хог хаягдлын менежмент сайтар хөгжөөгүй, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд хогоо ангилан ялгах, ангилсан дахиврыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх тогтолцоо хараахан бүрэлдээгүй цаг үед эхэлсэн энэхүү ажил олон сорилт, хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсан юм. Иймээс М-Си-Эс Кока-Кола компани “Ти Эм Эл” үйлдвэр болон хуванцар цуглуулалт, тээвэрлэлтийн “SESL” компанитай хуванцрыг дахин боловсруулах гинжин хэлхээг орон даяар бий болгох ажлыг хамтран өрнүүлсээр буй юм.

 

Ийнхүү төдийгөөс өдий хүртэлх дөрвөн жилийн хугацаанд хуванцраа анхдагч эх үүсвэр дээрээс нь ангилж, цуглуулдаг 1610 харилцагчийг улс орон даяар бий болгож чаджээ.

 

 

Түүнчлэн жил бүр ус, ундааны хуванцар цуглуулалтын түвшнийг тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний дүнтэй харьцуулж гаргадаг бөгөөд 2025 оны байдлаар М-Си-Эс Кока-Кола компанийн хуванцар цуглуулалт 50.2 хувьд хүрсэн байна.

 

Энэхүү туршлагаа хуваалцахаар бид өнөөдрийг хүртэл туулсан зам, тулгарсан бэрхшээл, хүрсэн ололт амжилтаа танилцуулах “100% хүрэх замнал” кампанит ажлыг эхлүүлээд байна. Тогтвортой хөгжил гэдэг нь нэг удаагийн амжилт, шийдлээр хэмжигдэх ойлголт биш тул өнгөрсөн хугацаанд тулгарсан асуудлуудад шийдэл эрэлхийлж, туршин суралцах замаар шат ахиж буй замналыг хамтдаа сонирхоцгооё.

 

100% ХҮРЭХ ЗАМНАЛ

 

 

 

2018 он
Улсын хэмжээнд ус, ундааны хуванцар савны хэрэглээ нэг жилд 18 мянган тонноор хэмжигддэг. Ийнхүү хэрэглэсэн хуванцрын тодорхой хувийг урд хөрш рүү экспортолдог байсан ч БНХАУ хуванцар хаягдлын импортоо зогсоосноор “энэ их хуванцрыг яах вэ?” гэдэг асуудал тулгарав.
Энэ үед дэлхийн 200 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг “Кока-Кола” компани тогтвортой хөгжлийн зорилтоо олон нийтэд танилцуулж, нэгэн нэрийн дор үйлдвэрлэл эрхэлж буй бүх үйлдвэрлэгчдэдээ хог хаягдалдаа хариуцлагатай байхыг уриалсан нь дэлхий даяар өрнөж буй дахин боловсруулах хөдөлгөөний эхлэл болж байв.

 

2021 он
Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан, М-Си-Эс Кока-Кола компани өөрийн түншлэгч “Ти Эм Эл” компанид санал тавьснаар олон улсын стандартад нийцсэн, хүнсний зориулалттай PET хуванцар дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэр 2021 онд ашиглалтад оров.

 

 

2022 он
Ингээд М-Си-Эс Кока-Кола компани борлуулсан бүтээгдэхүүнийхээ савтай дүйцэхүйц бүх төрлийн ус, ундааны хуванцар савыг эргэн цуглуулж, дахин боловсруулах зорилтоо танилцуулснаар “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажлыг Монголд эхлүүлсэн байна.

 

Тухайн үед өрхийн хэрэглэгчдийн 60% нь хуванцараа ангилалгүй, бусад хогтойгоо хамт хаядаг байв. Дийлэнх иргэдийн хувьд хуванцрыг тусад нь ангилна гэдэг цоо шинэ зүйл байсан төдийгүй ангилсан хуванцрыг хаана хүлээлгэж өгөх, хэн ирж авах нь тодорхой зохицуулалтгүй байсан тул ангилах шаардлагагүй гэж үзэх хандлага түгээмэл байлаа.

 

2023 он
Иймд дан ганц үйлдвэр байгуулаад зогсох бус үйлдвэрийг тогтвортой ажиллуулах, түүхий эдийн нөөц тасралтгүй бий болгохын тулд “Ти Эм Эл” үйлдвэр дэргэдээ хуванцар цуглуулж, тээвэрлэх “SESL” буюу Save Earth Save Life компанийг байгуулсан юм. Олон нийтэд ангилан ялгах дадал хэвшил суулгах, хуванцрыг анхдагч эх үүсвэр дээрээс нь цуглуулдаг болгох, цуглуулагч эх үүсвэрүүдээс тогтмол тээвэрлэх ажлууд эрчимжив.

 

2024 он
Хуванцрын хэрэглээ ихтэй, цуглуулах боломжтой бүхий л байгууллагад “SESL” компани хамтран ажиллах санал тавьсан ч олонх нь татгалздаг байв. Иймд хэрэглэгчийн зан төлөв, дадал хэвшил, манай улсын хууль эрх зүйн орчин, дэд бүтэц зэрэг томоохон асуудлуудыг шийдвэрлэх шаардлага тулгарсаар байна.

 

2025 он
Олон нийтэд хуванцар ангилан ялгалт, дахин боловсруулалтын ач холбогдлыг таниулах олон ажлууд хэрэгжүүлсний нэг нь “Recycle Me Interactive Hub” танин мэдэхүйн явуулын төв байв. Түүнчлэн 2022 оноос хойш жил бүр Playtime хөгжмийн фестиваль, 3×3 сагсанбөмбөгийн тэмцээн, Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд хуванцар цуглуулах зэрэг нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлсээр байна.

 


 

2026 он
Өнөөдөр хуванцраа ангилж, ялгадаг хэрэглэгчдийн тоо өссөөр байна. Эдгээр ажлын үр дүнд Монгол Улсад хуванцрыг ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах гинжин хэлхээ бий болох эхлэл тавигдаж, “Хуванцрыг хаявал хог, ангилбал хэрэглээ” болно гэдэг ойлголт нийгэмд тогтоод байна.

 

Ийнхүү М-Си-Эс Кока-Кола компани “Кока-Кола” системийн дэлхий даяар хэрэгжүүлж буй дахин боловсруулах хөдөлгөөнд нэгдэж, 100% дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх түүхэн үйл явдал ойртсоор байна.

 

Сонирхуулахад, М-Си-Эс Кока-Кола компани МУБИС-ийн автобусны хойд буудал дээр “100% хүрэх замнал”-ыг танилцуулсан үзүүлэн байрлуулжээ. Уг үзүүлэнгээс та бүхэн дахин боловсруулсан материалаар хийсэн хуванцар ангилж цуглуулах уутыг авах боломжтой. Харин цуглуулсан хуванцраа 7610-7711 дугаарт залгаж, хүлээлгэн өгөхөө бүү мартаарай.