Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола компани бүс нутагтаа анхдагч, дэвшилтэт технологид суурилсан шинэ үйлдвэр байгууллаа

М-Си-Эс Кока-Кола компани бүс нутагтаа анхлан хуурай технологид суурилсан, тогтуун ундааны асептик үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Энэхүү үйлдвэр нь ус, эрчим хүчний зарцуулалтыг бууруулж, хуванцар савны жинг 25 хувь хүртэл бууруулдаг зэргээрээ онцлог юм. Ийнхүү байгалийн нөөцийн үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлж, ус, ундааны үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн замналыг нэг шат ахиулж чадлаа.

 

 

М-Си-Эс Кока-Кола компанийн байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлд авч хэрэгжүүлж буй олон төсөл, хөтөлбөрүүдийн үзүүлэлтийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-наас өндрөөр үнэлж, цаашдын урт хугацааны бодлого, зорилтуудыг нь дэмжих зорилгоор хүнсний салбарт анх удаа тогтвортой хөгжлийг дэмжсэн санхүүжилтийг өнгөрсөн онд олгосон билээ. Энэхүү үйлдвэрийг тус тогтвортой санхүүжилтийн хүрээнд бүтээн байгуулсан юм.

 

 

Үйлдвэрийн нээлтийн үеэр ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач “Хөгжлийг дэмжих зорилготой, өндөр шалгууртай ЕСБХБ санхүүгийн байгууллагын шаардлагуудад М-Си-Эс Кока-Кола компанийн үйл ажиллагаа амжилттай нийцэж 51.6 сая ам.долларын санхүүжилт авсан. Ийм зээл авахын тулд компанид хоёр чухал зүйл хэрэгтэй. Үүний нэг нь компанийн удирдлага нь тогтвортой хөгжил рүү чиглэсэн жинхэнэ зорилго, амлалттай байх ёстой. М-Си-Эс Кока-Кола компани энэ бүх шаардлагад бүрэн нийцэж байсан” хэмээн онцолсон юм.

 

 

Түүнчлэн М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав “Дэвшилтэт технологид суурилсан тус үйлдвэр нь дэлхийн 200 гаруй улс оронд борлуулагдаж буй олон төрлийн бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэж эхлэхээс гадна цай, жүүсний импортыг орлохуйц түвшинд хүрэх боломж бүрдэж байна” гэсэн юм.

 

 

Асептик савлагааны онцлог нь цай, жимсний шүүсний байгалийн амтыг илүү сайн хадгалах боломж олгодог тул хэрэглэгчдэд шинэлэг, сэргэг бүтээгдэхүүнүүдийг санал болгох юм.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс группийн компаниуд хуванцар цуглуулах “RECYCLING CHAMPION” уралдааныг амжилттай зохион байгууллаа

М-Си-Эс Групп нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байх зарчмыг баримталж, тогтвортой хөгжлийн зөв жишгийг ажилтнууддаа болон хамтран ажиллагсдадаа үлгэрлэж, хэрэгжүүлэхийг уриалж ирсэн. Энэ хүрээнд М-Си-Эс Группт ажилладаг ажилтан бүрээр дамжуулан хариуцлагатай хэрэглээг олон нийтэд дадал болгохоор зорьж, энэ зорилгодоо ажилтан бүрийн оролцоог нэмэгдүүлэхээр хог хаягдлыг ангилан цуглуулж, дахин боловсруулах, дахин ашиглах санаачилгуудыг хэрэгжүүлж байна.

 

Энэ удаад “Recycling Champion” хуванцар цуглуулах уралдааныг М-Си-Эс Группийн компаниуд дунд зохион байгуулсан ба энэхүү уралдаанаар дамжуулан ажилтан бүр өөрийн ажиллаж, амьдарч буй орчин дахь хуванцрын хог хаягдлыг цуглуулж, дахин боловсруулах үйлдвэрт хүргүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, нийгэмдээ эерэг дадлыг бий болгохыг зорьсон юм. М-Си-Эс Кока-Кола компанийн санаачилгаар хэрэгжсэн энэхүү уралдааныг Анунгоо, Вэллбий болон Тотал Дистрибюшин компаниуд хамтран зохион байгуулсан бөгөөд уралдааны хүрээнд бүтэн нэг сарын турш хуванцар цуглуулжээ.

 

Шилжин явах цомын эзэн - Мэтагро ХХК, II байр - Энержи ресурс ХХК, III байр - Топ Моторс ХХК

 

Хог хаягдлын менежментийг ахисан түвшинд нэвтрүүлэх, ажилтнууддаа зөв хандлага, соёлыг түгээх зорилгоор М-Си-Эс Группийн компани бүр оффистоо дахивар ангилан ялгах зориулалтын савыг байршуулсан. Энэхүү санаачилгын хүрээнд PET болон HDPE төрлийн хуванцрын хаягдлыг зөв ангилан ялгах талаар сургалтыг уралдаан эхлэхийн өмнө компани бүрт зохион байгуулж, зааварласан юм. Ингэснээр ажилтнууд хаягдлыг дахин боловсруулах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжуудын талаар мэдээлэл авсан.

 

 

Түүнчлэн, ажилтнуудын оффистоо цуглуулсан дахиврыг нэгтгэн дахин боловсруулах үйлдвэр рүү долоо хоног тутам тогтмол тээвэрлэх ачилтыг компани тус бүрт нэвтрүүлж, нэмэгдүүлснээр “Recycling Champion” уралдаанд оролцох ажилтнуудын идэвх ч мөн нэмэгджээ.

 

Уралдаанд М-Си-Эс Группийн 20 компанийн 7,000 ажилтан идэвх санаачилгатай, бүтээлчээр оролцож, нэг сарын хугацаанд 4 тонн хуванцар цуглуулж чаджээ. Ажилтнууд өөрийн гэр болон ойр орчим дахь хуванцрыг цуглуулах ажлыг эрчимтэй өрнүүлсэн юм. Түүнчлэн уралдааны сүүлийн өдөр нийт ажилтан болон тэдний гэр бүлд зориулж “Recycling Champion” өдөрлөгийг зохион байгуулж, хуванцар дахин боловсруулах явцын талаар мэдээлэл өгснөөс гадна, хөгжөөнт тэмцээн, “Хогон мангас” хүүхдийн жүжиг зэргийг толилуулсан аж.

 

 

Уралдааны хүрээнд мөн оролцогчид өөрийн байгууллагадаа хуванцрыг хэрхэн ангилдаг тухай бүтээлч рийл бүтээж, бусдадаа туршлагаасаа хуваалцсан байна.

 

М-Си-Эс Группийн ажилтнуудын ангилж цуглуулсан хуванцраас:
– Ус, ундааны PET хуванцар савыг дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэрт,
– HDPE хуванцар дахин боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч INMO Студи, “Хэв Хашмал” компаниудад тус тус нийлүүлсэн байна.

 

Ингэснээр уралдааны хүрээнд цуглуулсан 4 тонн хуванцар нь ус, ундааны хуванцар сав, тавилга, хэв хашмал болж “дахин төрөх” боломжтой юм.

 

 

Хуванцар дахин боловсруулж хийсэн цом, өргөмжлөл

 

Сонирхуулахад, уралдаанд оролцсон М-Си-Эс Группийн 20 компани 40 өөр байршилд хуванцар цуглуулж өрсөлдсөн бөгөөд дөрөв нь хөдөө орон нутаг дахь салбар дээрээ хуванцар цуглуулж, Тотал Дистрибюшин компаниар дамжуулан Улаанбаатар хот руу илгээсэн байна.

 

 

Ийнхүү зохион байгуулагч М-Си-Эс Кока-Кола, Анунгоо, Вэллбий, Тотал Дистрибюшин компаниуд нь өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгч, худалдаалагч компаниудад өөрсдийн бүтээгдэхүүний савлагаандаа хариуцлагатай хандаж, эргэн цуглуулах хандлагыг хамтран түгээж байгаа төдийгүй байгальд ээлтэй зөв дадлыг төлөвшүүлэхээр зорьж буй энэхүү уралдааныг М-Си-Эс Группийн ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон хэрэгжүүлэхээр болсон.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

“Recycling Academia” Монголд нээгдлээ

Хог хаягдлыг дахин боловсруулах талаар мэдлэг боловсролыг олон нийтэд түгээх, оролцогч талуудыг чадавхжуулах зорилготой “Recycling Academia” Монголд нээгдлээ. “Recycling Academia”-д сурагч, оюутан зэрэг бүхий л иргэдэд хуванцар дахин боловсруулах явцыг танилцуулж, хог хаягдлын менежменттэй холбоотой сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжтой юм.

 

 

Энэхүү академийг “Хог хаягдалгүй Монгол” ТББ санаачилж, ус ундааны хуванцар сав дахин боловсруулах “Ти Эм Эл Пластик” үйлдвэрийн нэг давхарт хамтран байгуулжээ. Уг төрийн бус байгууллага хог хаягдал, сав баглаа боодол үйлдвэрлэгчдийг нэг малгайн дор нэгтгэж, үйлдвэрлэгчийн хариуцлагыг сайжруулах замаар байгалийн нөөцийг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлд ажиллаж байна.

 

 

“Хог хаягдалгүй Монгол” ТББ-ын Гүйцэтгэх захирал Фрэнк Шеперс: Бид засгийн газар, орон нутгийн захиргаа, хувийн хэвшлийн компаниуд, төрийн бус байгууллага зэрэг гол оролцогч талуудыг нэгтгэх, хамтын ажиллагаа өрнүүлэх гүүр нь болохыг зорьж байна. Учир нь Монголд хог хаягдлыг дахин боловсруулах гинжин хэлхээ бий болгох нь зөвхөн аль нэгэн компани, эсвэл төрийн ажил биш дээрх бүх талын хичээл зүтгэл, хамтын ажиллагаа ажиллагаа шаардагддаг зүйл.

 

 

“Drink Without Waste” хөдөлгөөний ерөнхий менежер Пол Зиммерман: Хонг Конгт бид ус ундаа үйлдвэрлэгчид, хог хаягдлын менежментийн үйлчилгээ үзүүлэгчид, иргэний нийгэм, байгаль орчны байгууллагууд, санхүүгийн байгууллагууд, худалдаа эрхлэгчид, засгийн газарлагчид, төрийн бус байгууллага, ассоциациуд гэх мэт бүхий л оролцогч талуудыг нэгтгэсэн байдаг. Ингээд бүх талын дэмжлэгтэйгээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, үйлдвэрлэгч, борлуулагчийн хариуцлагын тогтолцоог бий болгож чадсан. Монголд ч гэсэн энэ ажил хэрэгжих боломжтой гэж харж байна.

 

“Хог Хаягдалгүй Монгол”-ыг зөвхөн төрийн бус байгууллагын үйл ажиллагаагаар хязгаарлалгүй үндэсний хэмжээний хөдөлгөөн болгохыг зорьж байгаа аж. Энэхүү хамтралд оролцож, дэмжиж ажиллахаа “M-Си-Эс Кока-Кола”, “АПУ” ХК нар илэрхийлж байна.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав: Манай компани 2030 он гэхэд борлуулсан бүтээгдэхүүн бүрийнхээ тоотой тэнцүү хэмжээний хуванцрыг дахин боловсруулах зорилт өмнөө тавьсан. Өнгөрсөн жилийн байдлаар 56 хувийг нь эргэн цуглуулжээ. Энэ жилээс эхлээд манай тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнүүд дахин боловсруулсан савлагаатай болох гэж байна. Сав баглаа боодолдоо хариуцлагатай хандах энэ ажилд бид бүх харилцагч, хэрэглэгчдэдээ хамтран ажиллахыг уриалж байгаа.

 

 

Хог хаягдлын менежментийг монголд төлөвшүүлэхийн тулд хууль эрх зүйн орчноос эхлээд урт хугацааны бодлого, төлөвлөлт, гүйцэтгэл шаардагдана. Тиймээс үндэсний үйлдвэрлэгч болон импортлогч компаниуд, тэдгээрийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулагчид гэх мэт бүх оролцогч талыг энэхүү хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

“М-Си-Эс Кока-Кола” ХХК Шангри-ла төвд 3R үзэсгэлэн танилцууллаа

“М-Си-Эс Кока-Кола” компани 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа цахим хэлбэрээр байршуулж, хэрэглэгч болон харилцагчдадаа хүргэсэн. Тэгвэл уг тайлангаас байгаль орчны чиглэлд авч хэрэгжүүлдэг ажлуудаа онцолж, Шангри-ла төвд энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд олон нийтэд танилцуулжээ.

 

 

3R буюу Reduce, Recycle, Reuse нь компанийн байгаль орчны чиглэлд баримталдаг бодлого юм. Энэ хүрээнд ус, уур амьсгал, савлагаа гэсэн гурван чиглэлд тэд хэрэглээгээ бууруулж, дахин боловсруулж, дахин ашиглах ажлуудыг авч хэрэгжүүлдэг.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани Тогтвортой хөгжлийн тайлангаа танилцуулахдаа энэхүү бодлогоо баримталж, дахин ашиглах боломжтой шал, ханаар үзэсгэлэнгээ босгож, HDPE бөглөөгөөр бүтээсэн ширээ, сандал, хавтан зэргийг ашиглалаа.

 

3R ҮЗЭСГЭЛЭН ДЭЭР ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?

3R үзэсгэлэн дээр ирснээр дараах зүйлсийг хийх боломжтой.

 

– PET-1 хуванцар сав дахин боловсруулах явцад өөрийн биеэр оролцох, Ти Эм Эл хуванцрын үйлдвэрийн харилцагчаар бүртгүүлэх

 

 

– Өөрийн уусан ус, ундааны цэвэрхэн савыг зөв ангилан ялгаснаар rPET буюу хуванцрыг дахин боловсруулж хийсэн бэлэг авах

 

 

– 3D хэвлэгчээр бүтээсэн rPET цэцгийн ваар, утас тогтоогч, бусад хэрэгслийн эзэн болох

 

 

– Үйлдвэрийн технологид ашигласан хаягдал усыг цэвэршүүлэх явцтай танилцаж, үнэ төлбөргүй ус авах хэрэглэгчээр бүртгүүлэх

 

 

– Байгальд ээлтэй, утаагүй уурын зуухтай виртуал орчинд танилцах

 

 

– Plinko тоглоом тоглох

 

– Мөхлөгөөр канвас арт хийх

 

 

– Дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэнтэй танилцах

 

 

– Тогтвортой хөгжлийн тайлантай цахимаар болон дахин боловсруулах боломжтой хэвлэмэл материалаар танилцах

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компанийн байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг 4-р сарын 4 хүртэл Шангри-Ла төвийн 1 давхарт танилцуулах болно. Бид зөвхөн өөрсдөө хариуцлагатай үйлдвэрлэл эрхлээд зогсохгүй Монгол орон даяарх 17 мянган харилцагчдадаа ч энэхүү үйл ажиллагаанд татан оролцуулж байна.

Categories
Онцлох мэдээ Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола компани “Усны Элч” байгууллагаар шалгарлаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй Цэнхэр алт үндэсний хоёрдугаар чуулганаар М-Си-Эс Кока-Кола компанид “УСНЫ ЭЛЧ” шагнал олголоо.

 

Бид бүх үйл ажиллагаандаа 3R буюу Бууруулах, Дахин боловсруулах, Дахин ашиглах зарчмыг баримталдаг. Усны үр ашигтай хэрэглээг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2010 оноос үйлдвэрлэлийн бүхий л явцад ашигласан усаа 99 хувь цэвэрлэж, дахин ашиглаж эхэлсэн. Энэхүү ус нь загас амьдарч болохуйц түвшинд хүртэл цэвэршсэн байдаг бөгөөд ундны уснаас бусад зориулалтаар зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаа зэрэгт ашиглаж байна. Түүнчлэн өнгөрөгч оны сүүлээр Амгалан дулааны станц ТӨХК-ийн өргөтгөлийн нэмэлт ус хангамжид үйлдвэрийн цэвэршүүлсэн усыг ашиглах тухай санамж бичгийг байгуулаад буй юм.

 

Үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламж нь жилд 180 мянган тн ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Харин өнгөрсөн онд 9912 тн усыг зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаа зэрэгт дахин ашиглаж, гүний усыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулаад байна. Дашрамд дурдахад үйлдвэрийн цэвэршүүлсэн хаягдал усыг хэрэглэгчид үнэ төлбөргүй авч хэрэглэх боломжтой билээ.

Categories
Хөтөлбөр Онцлох мэдээ Мэдээ мэдээлэл

Хуванцар цуглуулалтын хэмжээ 56 хувьд хүрлээ

М-Си-Эс Кока-Кола компани 2024 оны байдлаар нийт борлуулсан бүтээгдэхүүнийхээ 56 хувьтай тэнцэхүйц хуванцрыг эргэн цуглууллаа. Энэ нь өмнөх оныхоос 16 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

Монгол улсад олон улсын стандартын дагуу ус, ундааны PET хуванцар сав дахин боловсруулах Ти Эм Эл үйлдвэр 2021 онд ашиглалтад орсон бөгөөд ийнхүү цуглуулсан хуванцрыг тус үйлдвэрт дахин боловсруулж байгаа юм. Бид 2030 он гэхэд борлуулсан ус, ундааны бүх саваа дахин боловсруулах зорилт тавьснаа одоогоос гурван жилийн өмнө олон нийтэд зарлаж, энэхүү зорилтдоо хүрэхийн төлөө ажилласаар байна.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола “Шилдэг БОНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

“М-Си-Эс Кока-Кола” компани Тос Холбооны анхны “Шилдэг БОНЗ Хэрэгжүүлэгч Байгууллага”-аар шалгарлаа. Тос холбоо нь уг шагналыг энэ жилээс олгож эхэлсэн бөгөөд М-Си-Эс Кока-Кола компанийн байгаль орчин, нийгэм, засаглал, тогтвортой байдлын удирдлагын хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлуудыг үнэлж анхны эзнээр тодруулсан байна.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь 2001 онд байгуулагдсан цагаас хойш дэлхийн Кока-Кола компанийн бодлого журмыг олон улсын стандартын түвшинд баримтлан ажиллаж, НҮБ-ын 2030 он хүртэл хэрэгжүүлэх 17 зорилтоос 14 зорилтыг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлж байна.

 

 

Өнгөрсөн хугацаанд манай компани усны үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хог хаягдалдаа хариуцлагатай хандах зэрэг ажлуудад зориулж, нийт 39 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан.

 

УУР АМЬСГАЛ

 

• 2021 оноос түүхий нүүрсний хэрэглээг халж, Байгальд ээлтэй утаагүй уурын зуух үйлдвэрийн хашаандаа барьж, ашиглалтад оруулсан. Ингэснээр жилд хүлэмжийн хийн ялгарлыг 4800 тн-оор бууруулж байна.
• 2013 оноос фреоноор биш нүүрсхүчлийн хийгээр ажилладаг байгальд ээлтэй хөргөгч хэрэглээнд нэвтрүүлснээр нийт хөргөгчийн 73% нь байгальд ээлтэй хөргөгч болсон бөгөөд 2030 онд 100 хувьд хүргэнэ.
• 2014 оноос батарей цэнэглэдэг сэрээт ачигчтай болсноор 100% цахилгаан болсон.
• Түгээлтийн машинаа евро-5 түлшээр ажиллуулдаг бөгөөд ажилчдын автобус нь евро5 хөдөлгүүртэй. Цаашид түгээлтийн машиныг евро5 хөдөлгүүртэй болон цахилгаан хөдөлгүүртэй болгох талаар судалж байна.

 

 

УС

 

• 2010 онд Хаягдал ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтад оруулсан. Үйлдвэрийн процесст ашигласан бүх усаа цэвэрлэдэг. Цэвэрлэсэн усны дахин ашиглалт ирэх жилээс 100% болох боломжтой. Учир нь Амгалан дулааны станцад цэвэрлэсэн бүх усаа нийлүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг зурсан.
• Усны үр ашигтай хэрэглээг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, 1 литр ундаа үйлдвэрлэхэд зарцуулж буй усны хэмжээг жил ирэх бүр бууруулж байна.

 

САВЛАГАА – Хуванцар

 

• Хуванцар дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэр “М-Си-Эс Кока-Кола” компанийн санаачилгаар 2021 онд байгуулагдсан. 2023 онд тус компани борлуулсан нийт ундааны 40 хувьтай тэнцэхүйц хэмжээний хуванцрыг дахин боловсруулах үйлдвэртээ эргэн цуглуулсан байна. 2030 он гэхэд цуглуулалт 100%, дахин боловсруулалтыг 50% болгох зорилт тавьжээ.
• Хуванцар савны жин бууруулах хөтөлбөр 2014 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Ингэснээр нийт 387 тн хуванцар буюу байгалийн нөөцийг хэмнэсэн байна.

 

 

САВЛАГАА – Шил

 

• “М-Си-Эс Кока-Кола” компанийн шилтэй ундааны дахин эргэлт 97 хувьтай байдаг. Ингэснээр зөвхөн 2023 онд л гэхэд 1’531 тн шилний хог хаягдал үүсэхээс сэргийлж, хүлэмжийн хийн ялгарлыг 4’718 тн-оор бууруулсан байна.
• 2022 онд худалдаанд гарсан 300 мл хэмжээтэй шилтэй ундааг лац, бөглөө хоёр хамт тайлагддаг байдлаар эргэдэг тагтай болгож, хог хаягдлыг бууруулахад анхаарсан.

 

Тос Холбоо нь Монгол Улсын бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжихийг зорьж ажилладаг. Энэхүү шагнал нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтийг хангахад хувь нэмрээ оруулан, ногоон, хүртээмжтэй, олон улсад мөрдөгдөж буй зарчмуудыг сайн дурын үндсэн дээр мөрдөж, сайн туршлагуудыг нэвтрүүлж буй гишүүн байгууллагуудыг урамшуулах, сайн туршлагыг олон нийтэд таниулахад чиглэдэг байна.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

“М-Си-Эс Кока-Кола” ХХК ТОП-100 ААН-ийн 22 дугаарт эрэмблэгдлээ

“М-Си-Эс Кока-Кола” компани улсын төсөвт 70.7 тэрбум төгрөгийн татвар төвлөрүүлж, улсын хөгжил дэвшилд хувь нэмрээ оруулсан тул Монгол улсын 2023 оны ТОП-100 ААН-ийн 22 дугаарт эрэмбэлэгдлээ. Дэлхийн брэндийг Монголын хэрэглэгчдэд хүргэхийн сацуу байгаль орчин, нийгэмд ээлтэй бизнес эрхэлдэг нь тус компанийн онцлог билээ.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани 19 брэндийн 155 төрлийн бүтээгдэхүүнийг дотоодод савлаж үйлдвэрлэн, улс орон даяарх 17 мянган харилцагчдаар дамжуулан Монголын хэрэглэгчдэд хүргэж байна. Өнгөрөгч 2023 онд манай компани 1090 хүнийг ажлын байраар хангасан.

 

Мөн Дэлхийн Кока-Кола компанийн албан ёсны брэнд Vio нэрийн дор үйлдвэрлэж борлуулах эрхийг авсан Монголын анхны бүтээгдэхүүн болох VIO MILLENIA Байгалийн эрдэст усны үйлдвэрийг ашиглалтад оруулсан байна. Нийт 55.6 тэрбум төгрөгөөр бүтээгдэхүүний чанарын үзүүлэлтийг сайжруулах хөрөнгө оруулалт хийж, дотоодын бизнес эрхлэгчдээс 194 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн, үйлчилгээ худалдан авч, тэднийг дэмжсэн юм.

 


 

“М-СИ-ЭС КОКА-КОЛА” ХХК БАЙГАЛЬ ОРЧИНД ЭЭЛТЭЙ БИЗНЕС ЭРХЛЭХ ЦОГЦ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ БАЙНА

 

Мөн сахаргүй ус, ундааны нэр төрлийг нэмэгдүүлж, өнгөрсөн онд OOHA оргилуун усыг худалдаанд гаргажээ. Түүнчлэн сахарын хэмжээг бууруулах ажлын хүрээнд 9 төрлийн ундааны сахарыг бууруулаад байна.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани Байгальд ээлтэй бизнес эрхлэх цогц хөтөлбөрийн хүрээнд өнгөрөгч онд
– үйлдвэрийн процесст ашигласан 180 мянган литр усыг цэвэршүүлж, зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаанд дахин ашиглаж,
– Нийт борлуулсан хуванцрын 40 хувьтай тэнцэхүйц хэмжээний хуванцрыг цуглуулж, дахин боловсруулж,
– Байгаль ээлтэй, утаагүй уурын зуухны тусламжтайгаар хүлэмжийн хийн ялгарлыг 4800 орчим тн-оор бууруулж, байгаль эх дэлхийгээ хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулжээ.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станцад ашиглах санамж бичиг байгууллаа

Дэлхийн Банкны 2030 Усны Нөөцийн Бүлгээс хэрэгжүүлсэн төслийн хүрээнд Амгалан дулааны станц ТӨХК-ийн өргөтгөлийн нэмэлт ус хангамжид М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн хаягдал усыг дахин ашиглах тухай хоёр тал хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа.

 

 

Өнгөрсөн онд “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн суурилагдсан хүчин чадлыг 116 МВТ-аар нэмэгдүүлснээр тус станцын усны хэрэгцээ нэмэгдэж, нэмэлт эх үүсвэр шаардлагатай болсон. Харин М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн хувьд байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх бодлогын хүрээнд 2010 оноос үйлдвэрлэлийн бүхий л явцад ашигласан усаа 99 хувь цэвэрлэж, дахин ашиглаж эхэлсэн байдаг.

 


М-Си-Эс Кока-Кола үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усанд загас амьдарч буй байдал

 

Энэхүү ус нь загас амьдарч болохуйц түвшинд хүртэл цэвэршсэн байдаг бөгөөд зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаа зэрэг ундны уснаас бусад зориулалтаар ашиглах замаар нийт цэвэрлэсэн усны зөвхөн 3-8 хувийг л дахин ашиглаж, үлдсэн хэсгийг Төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлж байна.

 

 

“Амгалан дулааны станц” ТӨХК нь зүүн бүсийн хэрэглэгчдийн дулааны хэрэгцээг бүрэн хариуцдаг бөгөөд энэ ажилд тус компанийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг дахин ашиглаж эхэлбэл байгалийн усны нөөцийг хамгаалахаас гадна түүнд зарцуулах хөрөнгө оруулалт, ашиглалтын зардлыг ихээхэн хэмнэж боломжтой болохыг Дэлхийн Банкны 2030 Усны Нөөцийн Бүлгээс тогтоож, төр хувийн хэвшлийн түншлэлээр Амгалан дулааны станц руу холбогдох шугам, тоног төхөөрөмжийн хамт барьж байгуулах ТЭЗҮ боловсруулсан байна.

 

М-СИ-ЭС КОКА-КОЛА КОМПАНИЙН ҮЙЛДВЭРИЙН ЦЭВЭРЛЭСЭН ХАЯГДАЛ УС НЬ АМГАЛАН ДУЛААНЫ СТАНЦЫН НЭМЭЛТ УСНЫ ХЭРЭГЦЭЭНИЙ 40 ХУВИЙГ ХАНГАНА

 

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Байгалийн нөөцийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Ц.Уранчимэг: М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрээс Амгалан дулааны станц руу шугам холбох ажлыг төр хувийн хэвшлийн түншлэлээр амжилттай хэрэгжүүлж чадвал тус станц төрийн өмчийн станцууд дундаа ногоон шийдэл хэрэгжүүлсэн анхны станц болох юм.

 

 

“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал М.Мөнхөө: Манай Амгалан дулааны станц нь М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэртэй 1 км хүрэхгүй зайд байрладаг. Орон зайн хувьд ийм ойрхон учраас гүний усны нөөцийг хэмнэсэн байгальд орчиндоо ээлтэй энэ ажлыг хэрэгжүүлэх нь олон төрлийн ач холбогдолтой. Энэхүү төслийг төр хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлж, таван жилийн хугацаанд зарцуулсан өртгөө эргэн нөхөх боломжтой.

 

 

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав: Манай компани Reduce, Recycle, Reuse гэсэн 3R зарчмыг баримталдаг. Усны хэрэглээгээ жил ирэх бүр бууруулах бодлогын хүрээнд Үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламжийг 2010 онд өөрийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан. Зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангах ажилд манай үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг ашиглах нь гүний усны хэрэглээг бууруулах, хэрэглэсэн усыг цэвэрлэх, цэвэрлэснээ дахин ашиглах гэдэг тойрог эдийн засгийг бий болгох маш том ажил гэж харж байгаа.

 

 

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал ус нь Амгалан дулааны станцын өргөтгөлийн нэмэлт усны хэрэгцээний 40 хувийг хангахаар байна. Ийнхүү үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг дахин ашиглах замаар Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангах шийдэл нь хаягдалгүй эдийн засгийн замаар ногоон хөгжлийг бий болгох байгаль орчин, нийгмийн эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн олон эерэг үзүүлэлтийг авчрах боломж юм.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

Дархан-Уул аймаг “Хуванцрын хаягдалгүй дэлхий” санаачилгад нэгдлээ

“М-Си-Эс Кока-Кола” компани ирэх жилээс Монголд анх удаа дахин боловсруулсан савлагаатай ус, ундааг худалдаанд гаргахаар зорьж байгаа. Энэ хүрээнд М-Си-Эс Кока-Кола ХХК, Ти Эм Эл Пластик үйлдвэр, Тотал Дистрибюшин ХХК нь Дархан-Уул аймгийн захирагчийн ажлын алба, Боловсролын газартай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа.

 

 

Дархан-Уул аймгийн хувьд хүн амын нягтаршил, хотын соёлоо дагаад ус, ундааны хуванцар савны хэрэглээ ихтэй. Тиймээс тус аймгийн 2030 он хүртэлх хөгжлийн хөтөлбөрт хог хаягдлын менежментийг сайжруулах талаар тусгасан. Хамтын ажиллагааны хүрээнд Дархан-Уул аймгийн Хөтөлд байрлах “Ти Эм Эл Пластик” үйлдвэрийн хуванцар хүлээн авах цэгт хуванцрын хаягдлыг хүлээн авна. Мөн бүх шатны боловсролын байгууллагууд хог ангилан ялгах, дахин боловсруулахтай холбоотой нөлөөллийн ажил хэрэгжүүлэх юм.

 

“Ти Эм Эл Пластик” үйлдвэр нь 2021 онд “М-Си-Эс Кока-Кола” компанийн санаачилгаар байгуулагдсан ус, ундааны хуванцар дахин боловсруулах дэлхийн жишигт нийцсэн үйлдвэр юм. Харин М-Си-Эс группийн Тотал дистрибюшин ХХК нь тээвэрлэлтийн ажлыг нийгмийн хариуцлагын хүрээнд хариуцан хэрэгжүүлнэ.

 

 

Дархан-Уул аймаг нь хамтран ажиллах санамж бичиг байгуулж байгаа хамгийн эхний аймаг бөгөөд цаашид бусад аймагтай хамтран ажиллах санамж бичиг байгуулж, хуванцрын хаягдлыг дахин боловсруулах ажлыг улс орон даяар өрнүүлнэ. Учир нь ус, ундааны хуванцрын хаягдлын 40 хувь нь хөдөө орон нутгаас бүрддэг байна.

 

Дархан хот дахь хуванцар хүлээн авах цэг: Дархан-Уул аймаг, Орхон гудамж, 2-р баг, Энхтал хөтөл, 45-р гудамж