Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола компани 60,000 хүнд хуванцар дахин боловсруулалтын ач холбогдлыг танилцууллаа

М-Си-Эс Кока-Кола компани хуванцар дахин боловсруулалтын талаар мэдлэг, боловсрол олгох шинэ санаачилга бүхий “Recycle Me Interactive Hub” танин мэдэхүйн явуулын төвийг энэ оны 6-р сараас ажиллуулж эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийслэл хотын хөдөлгөөн ихтэй 10 гаруй байршилд, 60,000 иргэнд хуванцар дахин боловсруулахын ач холбогдлыг танилцууллаа.

 

“Recycle Me Interactive Hub” танин мэдэхүйн явуулын төв нь иргэдийн оролцоот буюу интерактив байдлаар хуванцар дахин боловсруулах явцыг бодитоор мэдрэх, туршиж үзэх боломж олгосон юм. Тухайлбал, иргэд “Ти Эм Эл Пластик” үйлдвэрээр виртуал орчинд зочлох, хуванцар савны амьдралын мөчлөг, ус, ундааны савнаас дахин төрсөн байгальд ээлтэй бүтээгдэхүүнтэй танилцах, хуванцар дахин боловсруулах явцад өөрийн биеэр оролцох зэргээр 10 алхамт үйлдэл хийсэн.

 

“Recycle Me Interactive Hub” явуулын төвийн дотор тохижилтод манай компани Шангри-Ла Моллд танилцуулж байсан тогтвортой хөгжлийн биет тайлангаа дахин ашигласан юм. Түүнчлэн 3R (Reduce, Reuse, Recycle) буюу байгаль орчны чиглэлд баримталдаг бодлогын дагуу нарны эрчим хүчийг цахилгаан эрчим хүч болгон хувиргах нарны эх үүсгүүр суурилуулсан эко машин гэдгээрээ онцлог юм.

 

 

Монгол улсад жилд 20 орчим мянган тн ус, ундааны хуванцрын хаягдал үүсдэг гэсэн тоон судалгаа бий. Өнгөрсөн жил үүний 56 хувийг “Ти Эм Эл Пластик” үйлдвэр цуглуулж, дахин боловсруулжээ. Тиймээс энэхүү танин мэдэхүйн явуулын төвөөр дамжуулан олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, байгальд ээлтэй хандлагыг түгээн дэлгэрүүлэх, иргэдэд хуванцрыг зөв ангилан ялгаж, зориулалтын саванд хийх дадал суулгах нөлөөллийн ажлыг М-Си-Эс Кока-Кола компани, “Ти Эм Эл Пластик” үйлдвэр хамтран хэрэгжүүлсээр байна.

 
Youtube link: https://youtu.be/ELMVtH7-6w4?si=FZkEff4kFQmw800q

 

Дашрамд дурдахад, М-Си-Эс Кока-Кола компанийн нийгмийн хариуцлагын гол ажил болох түүхий эдээс эцсийн шат хүртэл дэлхийн чанар, стандартын дагуу Монголд 100% дахин боловсруулсан хуванцар савлагаатай бүтээгдэхүүн ирэх оны эхээр худалдаанд гарах юм.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола компани Монгол улсын ууган их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

МУИС болон “М-Си-Эс Кока-Кола” компани хамтран олон талт хамтын ажиллагаа хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа. Дэлхийн брэндийг Монголдоо уриатай “М-Си-Эс Кока-Кола” компани нь 2001 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Кока-Кола компанийн стандартын дагуу олон шинэ технологи, дэлхийн стандартуудыг нэвтрүүлж, эх орныхоо эдийн засаг, нийгэмд чухал хувь нэмэр оруулж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлсээр ирсэн.

 

Тиймээс уг санамж бичгийн хүрээнд Монгол улсын ууган их сургуульд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, байгальд ээлтэй сургуулийн орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх; байгаль орчин, нийгэм засаглалын чиглэлээр сургалт судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх; хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр хамтран ажиллах юм.

 

МУИС-ийн Ректор Б. Очирхуяг: “МУИС-ийн 2025-2030 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд төр, хувийн хэвшил, аж үйлдвэр, сургалт, судалгааны байгууллагатай хамтран, тус тусын нөөцөд түшиглэн байгальд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх, хог ангилах тогтолцоо бий болгох, судалгаа, инновацын чадамжийг бэхжүүлэх, олон улсын өндөр түвшинд өрсөлдөх чадвартай шилдэг мэргэжилтэн бэлтгэх зорилт тусгагдсан байдаг. Уг зорилттой уялдуулан “М-Си-Эс Кока-Кола” компанитай хамтран хэрэгжүүлэх гэж буй ажил нь тогтвортой хөгжлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх чухал алхам болно гэж үзэж байна. Иймээс хамтын ажиллагааг эхлүүлж буйдаа баяртай байна.”

 

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л. Мягмаржав: ““ESG буюу Байгаль орчин, Нийгэм, Засаглал”-ын бодлого нь байгууллагын урт хугацааны тогтвортой байдлыг баталгаажуулдаг чухал шалгуурын нэг бөгөөд зөвхөн ашгийн төлөөх бизнесийн зорилго бус, харин нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага юм. Монгол Улсад жил бүр нэмэгдэж буй хуванцрын хэрэглээ, хаягдлыг зөв зохистой ангилах тогтолцоо нь тогтвортой хөгжлийн зорилтыг бодит ажил хэрэг болгох чухал алхмын нэг. Тиймээс ирээдүйн мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчдад хариуцлагатай хэрэглээний дадал хэвшил төлөвшүүлэх, суралцах, хамтын ажиллагаа бий болгох зорилготой. Энэхүү хамтын ажиллагаа тогтвортой хөгжлийн манлайллыг түгээн дэлгэрүүлэх стратегийн ач холбогдолтой ажил болж байна.
МУИС-ийн харьяаны бүрэлдэхүүн сургууль, сургалт судалгааны хүрээлэн, номын сан зэрэг 10 гаруй барилга байгууламжид 1600 багш ажилтан, 23 мянган оюутан суралцаж байна. Тиймээс санамж бичигт тусгагдсан зорилтот ажлуудын хүрээнд салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн ажилтнуудын хамтын оролцоог бий болгож, судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулах болон өгөгдлийг хамтран ашиглах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад хувь нэмрээ оруулах явдал юм.”

 

 

Түүнчлэн шинэ үеийн оюутан, залууст олон улсын арга барилаас суралцах, түүний бүрэлдэхүүн хэсэг болж, ажлын байранд дадлагажих, цаашид үндсэн ажилтнаар ажиллах боломжийг бий болгох тал дээр хамтран ажиллана. Энэхүү санамж бичгийг байгуулснаар МУИС-ийн ирэх таван жилийн стратеги зорилтын дагуу багш, ажилтан, оюутнуудад хог хаягдлаа ангилан ялгах амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх “Хуванцрын хаягдалгүй жишиг их сургууль” болох ажлыг талууд ийнхүү эхлүүлж байна.

 


Categories
Хөтөлбөр Компани Мэдээ мэдээлэл

Байгальд ээлтэй “PLAYTIME” фестивалийг “М-Си-Эс Кока-Кола” компани дөрөв дэх жилдээ дэмжин оролцлоо

Азийн тэргүүлэх ТОП таван хөгжмийн наадмын нэг болох зорилготой “Playtime Festival 2025” наадам долоодугаар сарын 3, 4, 5, 6-ны өдрүүдэд нийт дөрвөн өдрийн турш Playtime хүрээлэнд зохион байгуулагдлаа. “М-Си-Эс Кока-Кола” компани “Playtime” хөгжмийн фестивалийн стратегийн буюу ногоон, тогтвортой хөгжлийг дэмжигч түншээр дөрөв дэх жилдээ оролцсон юм.

 

“Earth. Music. Art. Love” уриатай энэ жилийн хөгжмийн наадмаар “М-Си-Эс Кока-Кола” компани Coca-Cola Real Magic талбайд байгальд ээлтэй фестивалийг 20 мянган залуустай хамтран дараах байдлаар бүтээжээ.

 

COCA-COLA REAL MAGIC ТАЙЗНЫ ХӨТӨЛБӨР

 

Coca-Cola Real Magic дөрвөн өдрийн турш залууст зориулсан сонирхолтой хөтөлбөр бэлтгэжээ. Дэлхийн чансааны 3-рт бичигдэж буй The MongolZ багийн 910, bLitz болон Rozigoo нар Coca-Cola Real Magic тайзнаа зочлон, үнэнч дэмжигчидтэйгээ яриа өрнүүлж, зургаа татуулсан нь өдрийн хөтөлбөрийн мартагдашгүй нэг хэсэг болсон юм.

 

 

Мөн The Lemons хамтлаг, Vandebo хамтлагууд наадмын хоёр болон гурав дахь үдэш уран бүтээлээ толилуулж, “Playtime Festival 2025”-д хуран цугласан олон мянган залуусыг нэгтгэж чадлаа. Coca-Cola Real Magic тайзны өмнө залуус дуу хоолой, мэдрэмж, зүрхний хэмнэлээ нэгтгэж, дуу хөгжимд уярсан гайхалтай үдшүүд өнгөрсөн юм.

 


 

“GREEN PLAYTIME” ЧӨЛӨӨТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

 

Хөгжмийн наадмыг зохион байгуулагч, спонсор, артист, оролцогч талууд байгальд ээлтэй фестивалийг хэрхэн хамтдаа бүтээх вэ сэдвийн хүрээнд жил бүр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлал Coca-Cola Real Magic тайзнаа нэгэнт тогтжээ. Жил бүр Playtime наадамд байгальд ээлтэй, тогтвортой хөгжилд нийцсэн ямар ахиц өөрчлөлт гарч байгаа талаар хамтдаа ярилцаж, хэлэлцүүлгийн төгсгөлд Quiz тэмцээний ялагчид Coca-Cola брэндтэй хамтарсан “Labubu” бэлэглэсэн байна.

 



 

“RECYCLE ME” INTERACTIVE HUB x Photo Booth

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь түгээлтийн машинаа дахин амилуулж хэзээ ч, хаана ч байрших боломжтой “Recycle me” Interactive Hub бий болгожээ. Залуус хуванцрыг дахин боловсруулж хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнтэй танилцаж, хөгжмийн наадам дээр уусан ус, ундааны хуванцраа дахин боловсруулах явцад гар бие оролцож, байгальд ээлтэй фестивалийн нэг хэсэг болсон байна.

 

 

Мөн хуванцрыг дахин ашиглаж зураг авахуулах хана бүтээж, “Хуванцрыг хаявал хог, ангилбал хэрэглээ” кампанит ажлыг залууст танилцуулжээ. Мөн өнгөрсөн жилүүдийн жишгээр “Playtime Festival 2025” дээр хэрэглэсэн 940 кг ус, ундааны хуванцрыг “М-Си-Эс Кока-Кола” компанийн түнш “Ти Эм Эл Пластик” үйлдвэр хүлээн авч, дахин боловсруулж буй аж.

 

 

МОД ТАРИЛТ

Фестивалийн өмнөх өдрүүдэд “М-Си-Эс Кока-Кола” компани салхины нөлөөллийг бууруулах, бичил уур амьсгалыг тогтворжуулах зорилгоор 50 гаруй цагаан улиас тарьжээ. Энэ нь хурдан ургалттай, агаар шүүж, хөрс тогтоох өндөр чадвартай мод бөгөөд байгальд ээлтэй наадмын зохион байгуулалтын бодит жишээ болсон байна.

 

 

ТАЛБАЙН ЧИЙГШҮҮЛЭЛТ

 

“М-Си-Эс Кока-Кола” компани үйлдвэрийн технологийн явцад ашигласан бүхий л усаа цэвэршүүлж, ундны уснаас бусад зориулалтаар ашигладаг. Тиймээс фестивалийн өдрүүдэд Плэйтайм хүрээлэнгийн талбайг энэхүү усаар чийгшүүлжээ.

 

 

“SHARE A COKE” ХӨТӨЛБӨР

Яг одоо дэлхий даяар хэрэгжиж байгаа “Share a Coke” хөтөлбөрийг энэ жил “Playtime” фестивалиар танилцуулж, хэрэглэгч зөвхөн өөрийн нэртэй ундааг Coca-Cola Real Magic талбай дээр зочилсноор авсан юм.

 

“Share a Coke” хөтөлбөр нь Монгол орон даяар хамгийн түгээмэл дуудагддаг 26 нэрийг Coca-Cola ундааны шошгон дээр хэвлэсэн бөгөөд өөрийн нэртэй ундааг ууж, аз жаргалтай хором мөчөө хамтдаа хуваалцах боломжийг олгосон.

 

 

COCA-COLA х PLAYTIME ХАМТАРСАН МЕРЧ

 

Азийн тэргүүлэх хөгжмийн хөтөлбөр “Playtime Festival 2025” болон дэлхийн алдарт Coca-Cola брэндийн хамтарсан мерч бүтээгдэхүүнийг энэ жилийн фестивалиар анх удаа танилцууллаа. COCA-COLA REAL MAGIC хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцсон залууст хамтарсан мерч бэлэглэсэн юм.

 

 

Дээр дурдсан онцлох хөтөлбөрүүдээс гадна Schweppes брэндийн бүтээгдэхүүнээр хийсэн коктейль, iCoke урамшуулалт хөтөлбөр зэргийг зөвхөн Плэйтайм наадмын оролцогч залууст зориулан дөрвөн өдрийн турш толилуулсан.

 

Ийнхүү “М-Си-Эс Кока-Кола” компани нь энэ жилийн маркетингийн хамгийн томоохон хөтөлбөр болон тогтвортой хөгжил гэсэн хоёр чиглэлээр Playtime наадамд оролцсон байна.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола компани бүс нутагтаа анхдагч, дэвшилтэт технологид суурилсан шинэ үйлдвэр байгууллаа

М-Си-Эс Кока-Кола компани бүс нутагтаа анхлан хуурай технологид суурилсан, тогтуун ундааны асептик үйлдвэрийг ашиглалтад орууллаа. Энэхүү үйлдвэр нь ус, эрчим хүчний зарцуулалтыг бууруулж, хуванцар савны жинг 25 хувь хүртэл бууруулдаг зэргээрээ онцлог юм. Ийнхүү байгалийн нөөцийн үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлж, ус, ундааны үйлдвэрлэлд дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр Монгол Улсын тогтвортой хөгжлийн замналыг нэг шат ахиулж чадлаа.

 

 

М-Си-Эс Кока-Кола компанийн байгаль орчин, нийгэм, засаглалын чиглэлд авч хэрэгжүүлж буй олон төсөл, хөтөлбөрүүдийн үзүүлэлтийг Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк (ЕСБХБ)-наас өндрөөр үнэлж, цаашдын урт хугацааны бодлого, зорилтуудыг нь дэмжих зорилгоор хүнсний салбарт анх удаа тогтвортой хөгжлийг дэмжсэн санхүүжилтийг өнгөрсөн онд олгосон билээ. Энэхүү үйлдвэрийг тус тогтвортой санхүүжилтийн хүрээнд бүтээн байгуулсан юм.

 

 

Үйлдвэрийн нээлтийн үеэр ЕСБХБ-ны Монгол дахь суурин төлөөлөгч Ханнес Такач “Хөгжлийг дэмжих зорилготой, өндөр шалгууртай ЕСБХБ санхүүгийн байгууллагын шаардлагуудад М-Си-Эс Кока-Кола компанийн үйл ажиллагаа амжилттай нийцэж 51.6 сая ам.долларын санхүүжилт авсан. Ийм зээл авахын тулд компанид хоёр чухал зүйл хэрэгтэй. Үүний нэг нь компанийн удирдлага нь тогтвортой хөгжил рүү чиглэсэн жинхэнэ зорилго, амлалттай байх ёстой. М-Си-Эс Кока-Кола компани энэ бүх шаардлагад бүрэн нийцэж байсан” хэмээн онцолсон юм.

 

 

Түүнчлэн М-Си-Эс Кока-Кола компанийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав “Дэвшилтэт технологид суурилсан тус үйлдвэр нь дэлхийн 200 гаруй улс оронд борлуулагдаж буй олон төрлийн бүтээгдэхүүнийг Монголын хэрэглэгчдэд хүргэж эхлэхээс гадна цай, жүүсний импортыг орлохуйц түвшинд хүрэх боломж бүрдэж байна” гэсэн юм.

 

 

Асептик савлагааны онцлог нь цай, жимсний шүүсний байгалийн амтыг илүү сайн хадгалах боломж олгодог тул хэрэглэгчдэд шинэлэг, сэргэг бүтээгдэхүүнүүдийг санал болгох юм.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс группийн компаниуд хуванцар цуглуулах “RECYCLING CHAMPION” уралдааныг амжилттай зохион байгууллаа

М-Си-Эс Групп нийгэмдээ болон байгаль орчиндоо ээлтэй байх зарчмыг баримталж, тогтвортой хөгжлийн зөв жишгийг ажилтнууддаа болон хамтран ажиллагсдадаа үлгэрлэж, хэрэгжүүлэхийг уриалж ирсэн. Энэ хүрээнд М-Си-Эс Группт ажилладаг ажилтан бүрээр дамжуулан хариуцлагатай хэрэглээг олон нийтэд дадал болгохоор зорьж, энэ зорилгодоо ажилтан бүрийн оролцоог нэмэгдүүлэхээр хог хаягдлыг ангилан цуглуулж, дахин боловсруулах, дахин ашиглах санаачилгуудыг хэрэгжүүлж байна.

 

Энэ удаад “Recycling Champion” хуванцар цуглуулах уралдааныг М-Си-Эс Группийн компаниуд дунд зохион байгуулсан ба энэхүү уралдаанаар дамжуулан ажилтан бүр өөрийн ажиллаж, амьдарч буй орчин дахь хуванцрын хог хаягдлыг цуглуулж, дахин боловсруулах үйлдвэрт хүргүүлэх үйлсэд хувь нэмрээ оруулж, нийгэмдээ эерэг дадлыг бий болгохыг зорьсон юм. М-Си-Эс Кока-Кола компанийн санаачилгаар хэрэгжсэн энэхүү уралдааныг Анунгоо, Вэллбий болон Тотал Дистрибюшин компаниуд хамтран зохион байгуулсан бөгөөд уралдааны хүрээнд бүтэн нэг сарын турш хуванцар цуглуулжээ.

 

Шилжин явах цомын эзэн - Мэтагро ХХК, II байр - Энержи ресурс ХХК, III байр - Топ Моторс ХХК

 

Хог хаягдлын менежментийг ахисан түвшинд нэвтрүүлэх, ажилтнууддаа зөв хандлага, соёлыг түгээх зорилгоор М-Си-Эс Группийн компани бүр оффистоо дахивар ангилан ялгах зориулалтын савыг байршуулсан. Энэхүү санаачилгын хүрээнд PET болон HDPE төрлийн хуванцрын хаягдлыг зөв ангилан ялгах талаар сургалтыг уралдаан эхлэхийн өмнө компани бүрт зохион байгуулж, зааварласан юм. Ингэснээр ажилтнууд хаягдлыг дахин боловсруулах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжуудын талаар мэдээлэл авсан.

 

 

Түүнчлэн, ажилтнуудын оффистоо цуглуулсан дахиврыг нэгтгэн дахин боловсруулах үйлдвэр рүү долоо хоног тутам тогтмол тээвэрлэх ачилтыг компани тус бүрт нэвтрүүлж, нэмэгдүүлснээр “Recycling Champion” уралдаанд оролцох ажилтнуудын идэвх ч мөн нэмэгджээ.

 

Уралдаанд М-Си-Эс Группийн 20 компанийн 7,000 ажилтан идэвх санаачилгатай, бүтээлчээр оролцож, нэг сарын хугацаанд 4 тонн хуванцар цуглуулж чаджээ. Ажилтнууд өөрийн гэр болон ойр орчим дахь хуванцрыг цуглуулах ажлыг эрчимтэй өрнүүлсэн юм. Түүнчлэн уралдааны сүүлийн өдөр нийт ажилтан болон тэдний гэр бүлд зориулж “Recycling Champion” өдөрлөгийг зохион байгуулж, хуванцар дахин боловсруулах явцын талаар мэдээлэл өгснөөс гадна, хөгжөөнт тэмцээн, “Хогон мангас” хүүхдийн жүжиг зэргийг толилуулсан аж.

 

 

Уралдааны хүрээнд мөн оролцогчид өөрийн байгууллагадаа хуванцрыг хэрхэн ангилдаг тухай бүтээлч рийл бүтээж, бусдадаа туршлагаасаа хуваалцсан байна.

 

М-Си-Эс Группийн ажилтнуудын ангилж цуглуулсан хуванцраас:
– Ус, ундааны PET хуванцар савыг дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэрт,
– HDPE хуванцар дахин боловсруулан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч INMO Студи, “Хэв Хашмал” компаниудад тус тус нийлүүлсэн байна.

 

Ингэснээр уралдааны хүрээнд цуглуулсан 4 тонн хуванцар нь ус, ундааны хуванцар сав, тавилга, хэв хашмал болж “дахин төрөх” боломжтой юм.

 

 

Хуванцар дахин боловсруулж хийсэн цом, өргөмжлөл

 

Сонирхуулахад, уралдаанд оролцсон М-Си-Эс Группийн 20 компани 40 өөр байршилд хуванцар цуглуулж өрсөлдсөн бөгөөд дөрөв нь хөдөө орон нутаг дахь салбар дээрээ хуванцар цуглуулж, Тотал Дистрибюшин компаниар дамжуулан Улаанбаатар хот руу илгээсэн байна.

 

 

Ийнхүү зохион байгуулагч М-Си-Эс Кока-Кола, Анунгоо, Вэллбий, Тотал Дистрибюшин компаниуд нь өргөн хэрэглээний бараа үйлдвэрлэгч, худалдаалагч компаниудад өөрсдийн бүтээгдэхүүний савлагаандаа хариуцлагатай хандаж, эргэн цуглуулах хандлагыг хамтран түгээж байгаа төдийгүй байгальд ээлтэй зөв дадлыг төлөвшүүлэхээр зорьж буй энэхүү уралдааныг М-Си-Эс Группийн ажилтнуудын дунд жил бүр уламжлал болгон хэрэгжүүлэхээр болсон.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

“Recycling Academia” Монголд нээгдлээ

Хог хаягдлыг дахин боловсруулах талаар мэдлэг боловсролыг олон нийтэд түгээх, оролцогч талуудыг чадавхжуулах зорилготой “Recycling Academia” Монголд нээгдлээ. “Recycling Academia”-д сурагч, оюутан зэрэг бүхий л иргэдэд хуванцар дахин боловсруулах явцыг танилцуулж, хог хаягдлын менежменттэй холбоотой сургалт, сурталчилгааны үйл ажиллагаа хэрэгжүүлэх боломжтой юм.

 

 

Энэхүү академийг “Хог хаягдалгүй Монгол” ТББ санаачилж, ус ундааны хуванцар сав дахин боловсруулах “Ти Эм Эл Пластик” үйлдвэрийн нэг давхарт хамтран байгуулжээ. Уг төрийн бус байгууллага хог хаягдал, сав баглаа боодол үйлдвэрлэгчдийг нэг малгайн дор нэгтгэж, үйлдвэрлэгчийн хариуцлагыг сайжруулах замаар байгалийн нөөцийг хамгаалахад тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх чиглэлд ажиллаж байна.

 

 

“Хог хаягдалгүй Монгол” ТББ-ын Гүйцэтгэх захирал Фрэнк Шеперс: Бид засгийн газар, орон нутгийн захиргаа, хувийн хэвшлийн компаниуд, төрийн бус байгууллага зэрэг гол оролцогч талуудыг нэгтгэх, хамтын ажиллагаа өрнүүлэх гүүр нь болохыг зорьж байна. Учир нь Монголд хог хаягдлыг дахин боловсруулах гинжин хэлхээ бий болгох нь зөвхөн аль нэгэн компани, эсвэл төрийн ажил биш дээрх бүх талын хичээл зүтгэл, хамтын ажиллагаа ажиллагаа шаардагддаг зүйл.

 

 

“Drink Without Waste” хөдөлгөөний ерөнхий менежер Пол Зиммерман: Хонг Конгт бид ус ундаа үйлдвэрлэгчид, хог хаягдлын менежментийн үйлчилгээ үзүүлэгчид, иргэний нийгэм, байгаль орчны байгууллагууд, санхүүгийн байгууллагууд, худалдаа эрхлэгчид, засгийн газарлагчид, төрийн бус байгууллага, ассоциациуд гэх мэт бүхий л оролцогч талуудыг нэгтгэсэн байдаг. Ингээд бүх талын дэмжлэгтэйгээр хууль эрх зүйн орчныг бүрдүүлж, үйлдвэрлэгч, борлуулагчийн хариуцлагын тогтолцоог бий болгож чадсан. Монголд ч гэсэн энэ ажил хэрэгжих боломжтой гэж харж байна.

 

“Хог Хаягдалгүй Монгол”-ыг зөвхөн төрийн бус байгууллагын үйл ажиллагаагаар хязгаарлалгүй үндэсний хэмжээний хөдөлгөөн болгохыг зорьж байгаа аж. Энэхүү хамтралд оролцож, дэмжиж ажиллахаа “M-Си-Эс Кока-Кола”, “АПУ” ХК нар илэрхийлж байна.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав: Манай компани 2030 он гэхэд борлуулсан бүтээгдэхүүн бүрийнхээ тоотой тэнцүү хэмжээний хуванцрыг дахин боловсруулах зорилт өмнөө тавьсан. Өнгөрсөн жилийн байдлаар 56 хувийг нь эргэн цуглуулжээ. Энэ жилээс эхлээд манай тодорхой нэр төрлийн бүтээгдэхүүнүүд дахин боловсруулсан савлагаатай болох гэж байна. Сав баглаа боодолдоо хариуцлагатай хандах энэ ажилд бид бүх харилцагч, хэрэглэгчдэдээ хамтран ажиллахыг уриалж байгаа.

 

 

Хог хаягдлын менежментийг монголд төлөвшүүлэхийн тулд хууль эрх зүйн орчноос эхлээд урт хугацааны бодлого, төлөвлөлт, гүйцэтгэл шаардагдана. Тиймээс үндэсний үйлдвэрлэгч болон импортлогч компаниуд, тэдгээрийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулагчид гэх мэт бүх оролцогч талыг энэхүү хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байна.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

“М-Си-Эс Кока-Кола” ХХК Шангри-ла төвд 3R үзэсгэлэн танилцууллаа

“М-Си-Эс Кока-Кола” компани 2024 оны Тогтвортой хөгжлийн тайлангаа цахим хэлбэрээр байршуулж, хэрэглэгч болон харилцагчдадаа хүргэсэн. Тэгвэл уг тайлангаас байгаль орчны чиглэлд авч хэрэгжүүлдэг ажлуудаа онцолж, Шангри-ла төвд энэ долоо хоногийн ажлын өдрүүдэд олон нийтэд танилцуулжээ.

 

 

3R буюу Reduce, Recycle, Reuse нь компанийн байгаль орчны чиглэлд баримталдаг бодлого юм. Энэ хүрээнд ус, уур амьсгал, савлагаа гэсэн гурван чиглэлд тэд хэрэглээгээ бууруулж, дахин боловсруулж, дахин ашиглах ажлуудыг авч хэрэгжүүлдэг.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани Тогтвортой хөгжлийн тайлангаа танилцуулахдаа энэхүү бодлогоо баримталж, дахин ашиглах боломжтой шал, ханаар үзэсгэлэнгээ босгож, HDPE бөглөөгөөр бүтээсэн ширээ, сандал, хавтан зэргийг ашиглалаа.

 

3R ҮЗЭСГЭЛЭН ДЭЭР ЮУ ХИЙЖ БОЛОХ ВЭ?

3R үзэсгэлэн дээр ирснээр дараах зүйлсийг хийх боломжтой.

 

– PET-1 хуванцар сав дахин боловсруулах явцад өөрийн биеэр оролцох, Ти Эм Эл хуванцрын үйлдвэрийн харилцагчаар бүртгүүлэх

 

 

– Өөрийн уусан ус, ундааны цэвэрхэн савыг зөв ангилан ялгаснаар rPET буюу хуванцрыг дахин боловсруулж хийсэн бэлэг авах

 

 

– 3D хэвлэгчээр бүтээсэн rPET цэцгийн ваар, утас тогтоогч, бусад хэрэгслийн эзэн болох

 

 

– Үйлдвэрийн технологид ашигласан хаягдал усыг цэвэршүүлэх явцтай танилцаж, үнэ төлбөргүй ус авах хэрэглэгчээр бүртгүүлэх

 

 

– Байгальд ээлтэй, утаагүй уурын зуухтай виртуал орчинд танилцах

 

 

– Plinko тоглоом тоглох

 

– Мөхлөгөөр канвас арт хийх

 

 

– Дахин боловсруулсан бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэнтэй танилцах

 

 

– Тогтвортой хөгжлийн тайлантай цахимаар болон дахин боловсруулах боломжтой хэвлэмэл материалаар танилцах

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компанийн байгаль орчинд ээлтэй, нийгмийн хариуцлагатай, ёс зүйтэй бизнесийн үйл ажиллагааг 4-р сарын 4 хүртэл Шангри-Ла төвийн 1 давхарт танилцуулах болно. Бид зөвхөн өөрсдөө хариуцлагатай үйлдвэрлэл эрхлээд зогсохгүй Монгол орон даяарх 17 мянган харилцагчдадаа ч энэхүү үйл ажиллагаанд татан оролцуулж байна.

Categories
Онцлох мэдээ Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола компани “Усны Элч” байгууллагаар шалгарлаа

Монгол улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар зохион байгуулж буй Цэнхэр алт үндэсний хоёрдугаар чуулганаар М-Си-Эс Кока-Кола компанид “УСНЫ ЭЛЧ” шагнал олголоо.

 

Бид бүх үйл ажиллагаандаа 3R буюу Бууруулах, Дахин боловсруулах, Дахин ашиглах зарчмыг баримталдаг. Усны үр ашигтай хэрэглээг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд 2010 оноос үйлдвэрлэлийн бүхий л явцад ашигласан усаа 99 хувь цэвэрлэж, дахин ашиглаж эхэлсэн. Энэхүү ус нь загас амьдарч болохуйц түвшинд хүртэл цэвэршсэн байдаг бөгөөд ундны уснаас бусад зориулалтаар зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаа зэрэгт ашиглаж байна. Түүнчлэн өнгөрөгч оны сүүлээр Амгалан дулааны станц ТӨХК-ийн өргөтгөлийн нэмэлт ус хангамжид үйлдвэрийн цэвэршүүлсэн усыг ашиглах тухай санамж бичгийг өнгөрөгч онд байгуулаад буй юм.

 

Үйлдвэрийн хаягдал ус цэвэршүүлэх байгууламж нь жилд 180 мянган тн ус цэвэршүүлэх хүчин чадалтай. Харин өнгөрсөн онд 9912 тн усыг зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламжийн усалгаа зэрэгт дахин ашиглаж, гүний усыг хамгаалах үйлсэд хувь нэмрээ оруулаад байна. Дашрамд дурдахад үйлдвэрийн цэвэршүүлсэн хаягдал усыг хэрэглэгчид үнэ төлбөргүй авч хэрэглэх боломжтой билээ.

Categories
Хөтөлбөр Онцлох мэдээ Мэдээ мэдээлэл

Хуванцар цуглуулалтын хэмжээ 56 хувьд хүрлээ

М-Си-Эс Кока-Кола компани 2024 оны байдлаар нийт борлуулсан бүтээгдэхүүнийхээ 56 хувьтай тэнцэхүйц хуванцрыг эргэн цуглууллаа. Энэ нь өмнөх оныхоос 16 хувиар өссөн үзүүлэлт юм.

 

Монгол улсад олон улсын стандартын дагуу ус, ундааны PET хуванцар сав дахин боловсруулах Ти Эм Эл үйлдвэр 2021 онд ашиглалтад орсон бөгөөд ийнхүү цуглуулсан хуванцрыг тус үйлдвэрт дахин боловсруулж байгаа юм. Бид 2030 он гэхэд борлуулсан ус, ундааны бүх саваа дахин боловсруулах зорилт тавьснаа одоогоос гурван жилийн өмнө олон нийтэд зарлаж, энэхүү зорилтдоо хүрэхийн төлөө ажилласаар байна.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола “Шилдэг БОНЗ хэрэгжүүлэгч байгууллага”-аар шалгарлаа

“М-Си-Эс Кока-Кола” компани Тос Холбооны анхны “Шилдэг БОНЗ Хэрэгжүүлэгч Байгууллага”-аар шалгарлаа. Тос холбоо нь уг шагналыг энэ жилээс олгож эхэлсэн бөгөөд М-Си-Эс Кока-Кола компанийн байгаль орчин, нийгэм, засаглал, тогтвортой байдлын удирдлагын хүрээнд авч хэрэгжүүлсэн ажлуудыг үнэлж анхны эзнээр тодруулсан байна.

 

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь 2001 онд байгуулагдсан цагаас хойш дэлхийн Кока-Кола компанийн бодлого журмыг олон улсын стандартын түвшинд баримтлан ажиллаж, НҮБ-ын 2030 он хүртэл хэрэгжүүлэх 17 зорилтоос 14 зорилтыг үйл ажиллагаандаа авч хэрэгжүүлж байна.

 

 

Өнгөрсөн хугацаанд манай компани усны үр ашигтай хэрэглээг нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, хог хаягдалдаа хариуцлагатай хандах зэрэг ажлуудад зориулж, нийт 39 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулсан.

 

УУР АМЬСГАЛ

 

• 2021 оноос түүхий нүүрсний хэрэглээг халж, Байгальд ээлтэй утаагүй уурын зуух үйлдвэрийн хашаандаа барьж, ашиглалтад оруулсан. Ингэснээр жилд хүлэмжийн хийн ялгарлыг 4800 тн-оор бууруулж байна.
• 2013 оноос фреоноор биш нүүрсхүчлийн хийгээр ажилладаг байгальд ээлтэй хөргөгч хэрэглээнд нэвтрүүлснээр нийт хөргөгчийн 73% нь байгальд ээлтэй хөргөгч болсон бөгөөд 2030 онд 100 хувьд хүргэнэ.
• 2014 оноос батарей цэнэглэдэг сэрээт ачигчтай болсноор 100% цахилгаан болсон.
• Түгээлтийн машинаа евро-5 түлшээр ажиллуулдаг бөгөөд ажилчдын автобус нь евро5 хөдөлгүүртэй. Цаашид түгээлтийн машиныг евро5 хөдөлгүүртэй болон цахилгаан хөдөлгүүртэй болгох талаар судалж байна.

 

 

УС

 

• 2010 онд Хаягдал ус цэвэршүүлэх байгууламж ашиглалтад оруулсан. Үйлдвэрийн процесст ашигласан бүх усаа цэвэрлэдэг. Цэвэрлэсэн усны дахин ашиглалт ирэх жилээс 100% болох боломжтой. Учир нь Амгалан дулааны станцад цэвэрлэсэн бүх усаа нийлүүлэх хамтын ажиллагааны санамж бичиг зурсан.
• Усны үр ашигтай хэрэглээг дэмжих хөтөлбөр хэрэгжүүлж, 1 литр ундаа үйлдвэрлэхэд зарцуулж буй усны хэмжээг жил ирэх бүр бууруулж байна.

 

САВЛАГАА – Хуванцар

 

• Хуванцар дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэр “М-Си-Эс Кока-Кола” компанийн санаачилгаар 2021 онд байгуулагдсан. 2023 онд тус компани борлуулсан нийт ундааны 40 хувьтай тэнцэхүйц хэмжээний хуванцрыг дахин боловсруулах үйлдвэртээ эргэн цуглуулсан байна. 2030 он гэхэд цуглуулалт 100%, дахин боловсруулалтыг 50% болгох зорилт тавьжээ.
• Хуванцар савны жин бууруулах хөтөлбөр 2014 оноос хойш хэрэгжүүлж байгаа. Ингэснээр нийт 387 тн хуванцар буюу байгалийн нөөцийг хэмнэсэн байна.

 

 

САВЛАГАА – Шил

 

• “М-Си-Эс Кока-Кола” компанийн шилтэй ундааны дахин эргэлт 97 хувьтай байдаг. Ингэснээр зөвхөн 2023 онд л гэхэд 1’531 тн шилний хог хаягдал үүсэхээс сэргийлж, хүлэмжийн хийн ялгарлыг 4’718 тн-оор бууруулсан байна.
• 2022 онд худалдаанд гарсан 300 мл хэмжээтэй шилтэй ундааг лац, бөглөө хоёр хамт тайлагддаг байдлаар эргэдэг тагтай болгож, хог хаягдлыг бууруулахад анхаарсан.

 

Тос Холбоо нь Монгол Улсын бизнесийн байгууллагуудад байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагааг нэвтрүүлэх, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжихийг зорьж ажилладаг. Энэхүү шагнал нь Тогтвортой хөгжлийн зорилтуудын биелэлтийг хангахад хувь нэмрээ оруулан, ногоон, хүртээмжтэй, олон улсад мөрдөгдөж буй зарчмуудыг сайн дурын үндсэн дээр мөрдөж, сайн туршлагуудыг нэвтрүүлж буй гишүүн байгууллагуудыг урамшуулах, сайн туршлагыг олон нийтэд таниулахад чиглэдэг байна.