Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока Кола ХХК, Монголын Үндэсний Олимпын Хороо хамтын ажиллагааны түншлэлийн гэрээ байгууллаа

Олон улсын Олимпын өдрийг тохиолдуулан М-Си-Эс Кока Кола ХХК болон Монголын Үндэсний Олимпын Хороо (МҮОХ) “ТОП ОЛИМПЫН ТҮНШ” түншлэлийн гэрээг байгуулж, “Лос Анжелес-2028” Олимпын наадмын хүрээнд хоёр жилийн хугацаанд хамтран ажиллах гэрээ үзэглэлээ.

 

Гэрээний хүрээнд МҮОХ нь 2026–2027 онд зохион байгуулагдах өөрийн үйл ажиллагаа болон олон улсын томоохон спортын наадмуудын мэдээлэл, сурталчилгааны сувгуудаар түнш байгууллагын оролцоог онцлон ажиллах бөгөөд “Айчи Нагояа 2026” Азийн XX наадам, “Дакар 2026” Залуучуудын IV Олимпын наадам, “Рияд 2026” Азийн танхимын болон тулааны спортын VI наадам зэрэг арга хэмжээнүүдэд хамтын ажиллагааг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

 

Мөн энэхүү түншлэлээр дамжуулан олимпын хөдөлгөөнийг дэмжих, ирээдүйтэй тамирчдыг сурталчлах, спортын боловсрол, олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтарсан санаачилга, идэвхжүүлэлтийн ажлуудыг хэрэгжүүлэхийг зорьж байна.

 

 

Б.БАТТҮШИГ, МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ОЛИМПЫН ХОРООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ

 

– Олимпын хөдөлгөөнийг хөгжүүлэхэд хувийн хэвшлийн оролцоо чухал. Олон улсын Олимпын хороо “ТОП Түнш”-үүдээс санхүүжилт босгох зарчмын дагуу ажилладаг. Энэ жишгээр МҮОХ нь томоохон наадам, тэмцээнд оролцох тамирчдынхаа зардал, бэлтгэл сургуулилтыг санхүүгийн дарамтгүйгээр ТОП Олимпын түнш байгууллагуудынхаа дэмжлэгтэйгээр зохицуулж байна. Энэ жил улсын төсөв хүндрэлтэй байгаа тул зарим спортын төрлүүд маань санхүүгийн асуудалтай тулгарсан. Энэ цаг үед М-Си-Эс Кока-Кола ХХК ТОП Олимпын түнш болох хамтын ажиллагааны гэрээ байгуулж буйд талархаж байна.

 

 

Л.МЯГМАРЖАВ, М-СИ-ЭС КОКА-КОЛА ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

 

– М-Си-Эс Кока Кола компани нь 2004 оноос МҮОХ-той хамтран тамирчдыг бодитоор дэмжих олон талт хөтөлбөр, үйл ажиллагааг зохион байгуулж эхэлсэн. Бээжин 2008 Зуны олимпын наадамтай уялдуулан “Алтын төлөө хамтдаа” хөтөлбөр санаачилж, Монголын дөрвөн тамирчинтай анх удаа хамтран ажиллах гэрээ байгуулж, бэлтгэл сургуулилалтыг хангах чиглэлд дэмжлэг үзүүлж байв.

 

Манай тамирчид тус олимпын наадмаас алт, мөнгөн медаль хүртсэн нь Монгол Улсын нэр хүндийг дэлхийн спортын дэвжээнд өндөрт өргөснөөс гадна анх удаагаа олимпын наадмын алтан медалийг эх орондоо авчирсан түүхэн үйл явдал болсон билээ. “Лос-Анжелес 2028” Олимпын наадамд ч мөн адил МҮОХ өргөн бүрэлдэхүүнтэй оролцож, томоохон амжилт гаргах зорилго тавьсан. Энэхүү зорилтыг биелүүлэхэд М-Си-Эс Кока Кола компани өөрсдийн зүгээс бодитой дэмжлэгээ ийнхүү үзүүлж байна.

 

Талуудын байгуулсан энэхүү хамтын ажиллагаа нь Монголын спортын хөгжил, олимпын хөдөлгөөнийг хувийн хэвшлийн дэмжлэгтэйгээр өргөжүүлэх, нийгэмд эерэг нөлөө бүхий төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм. М-Си-Эс Кока Кола компани нь 2020-2024 онд МҮОХ-ны Албан ёсны түнш байгууллагаар ажиллаж байсан бөгөөд энэ хүрээнд 2021 онд МҮОХ-ны музейг хамтран тохижуулж байв.

 

Түүнчлэн тус компани нь багийн спорт, тэр дундаа 3х3 сагсан бөмбөгийн спортын хөгжилд тасралтгүй, системтэй хөрөнгө оруулалт хийсний үр дүнд Монгол Улс анх удаа багийн спортын төрлөөр “Токио-2020” олимпын наадамд оролцох эрх авч чадсан. Мөн 2025 оны ДАШТ-д Монголын эмэгтэй шигшээ баг мөнгөн медаль хүртсэн билээ.

 

Дэлхийн Кока-Кола компани нь 1928 оны Амстердамын олимпоос хойш 93 жил Олон Улсын Олимпын Хорооны албан ёсны түнш байгууллагаар тасралтгүй ажилласан бөгөөд олимпизмыг дэлгэрүүлэхэд хамгийн тогтвортой үнэнч түнш байсаар ирсэн юм.

Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола компанийн “2025 оны тогтвортой хөгжлийн тайлан” нийтлэгдлээ

Олон улсын томоохон компаниуд бизнесийн үйл ажиллагаандаа байгаль орчин, нийгэм, хүн төрөлхтний сайн сайханд чиглэсэн төсөл хөтөлбөрүүдийг санаачлан хэрэгжүүлж, түүнийгээ олон нийтэд тайлагнадаг билээ. Энэ жишгийн дагуу М-Си-Эс Кока-Кола компани 2025 онд хийж гүйцэтгэсэн ажлуудаа “Тогтвортой хөгжлийн тайлан”-д нэгтгэн, олон нийтэд нээлттэй мэдээллээ.

 

УСНЫ ДАХИН АШИГЛАЛТ

 

Тус компани 2025 онд БОНЗ-ын хүрээнд олон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлсний нэг нь төр, хувийн хэвшлийн түншлэлээр Монголд анх удаа үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станцын технологийн хэрэгцээнд дахин ашиглах явдал байв. Энэхүү төслийг тус компани 3.5 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж, шугам хоолой болон нэмэлт тоног төхөөрөмж суурилуулжээ.

 

Төр, хувийн хэвшлийн энэхүү хамтралын үр дүнд тус компанийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усны дахин ашиглалтын хэмжээ 45 хувь болж нэмэгдэх боломж бүрдээд байна.

 

САВЛАГАА

 

М-Си-Эс Кока-Кола компани борлуулсан бүх бүтээгдэхүүнийхээ савыг цуглуулж, 50 хувийг нь дахин боловсруулах зорилтоо 2022 онд олон нийтэд зарласан. Үүнээс хойш жил бүр ус, ундааны хуванцар цуглуулалтын хувийг тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний дүнтэй харьцуулж тайлагнаж байгаа бөгөөд өнгөрсөн онд хуванцар цуглуулалт 50.2 хувьд хүрсэн байна.

 

Тайлант онд хийсэн томоохон ажлын нэг нь хуванцар дахин боловсруулалтын ач холбогдлыг олон нийтэд таниулах зорилготой “Recycle me” interactive hub танин мэдэхүйн хөдөлгөөнт явуулын төв байсан юм. Энэхүү төвөөр дамжуулж 10 байршилд 60’000 гаруй хүнд мэдлэг олгожээ.

 

УУР АМЬСГАЛ

 

Мөн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулахад бодит нөлөө үзүүлж, байгальд ээлтэй утаагүй зуух, хөргөгч, сэрээт өргөгч машин, цахилгаан түгээлтийн машин зэргийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн юм.

НИЙГЭМ

 

Сонирхуулахад, М-Си-Эс Кока-Кола компани ажилтнуудынхаа ажил амьдралын тэнцвэр, сэтгэл зүйн эрүүл мэнд, сайн сайхан байдалд анхаарах бодлого хэрэгжүүлдэг бөгөөд удирдлагын бүхий л түвшинд эмэгтэйчүүдийн манлайллыг дэмжин ажилладаг билээ.

 

Та М-Си-Эс Кока-Кола компанийн “Тогтвортой хөгжлийн тайлан”-тай танилцах бол ЭНД дарна уу

Categories
Хөтөлбөр Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

“MCS Internship 2026” цалинтай дадлагажих хөтөлбөрөө зарлаж байна

 

Их, дээд сургуулийн оюутан залууст ажлын гараагаа зөв, системтэй эхлүүлж, бодит туршлага хуримтлуулангаа өөрийгөө хөгжүүлэх, шилдэг мэргэжилтнүүдтэй хамтран ажиллаж, бизнесийн байгууллагын соёлд суралцах боломж олгодог “MCS Internship 2026” цалинтай дадлагажих хөтөлбөрийн бүртгэл эхэлж байна.

 

2022 оноос хэрэгжүүлж буй “MCS Internship” хөтөлбөрийн хүрээнд их, дээд сургуулийн 220 гаруй оюутан М-Си-Эс Группийн компаниудад цалинтай дадлагажиж, үндсэн ажилтнаар ажиллах санал авсан оюутнууд үргэлжлүүлэн амжилттай ажиллаж байгаа юм.

 

“MCS Internship” хөтөлбөрт хамрагдсанаар оюутан залуус практикт суурилсан ажлын бодит туршлага болгон хуримтлуулахаас гадна хувь хүний хөгжлийн сургалт, олон нийтийн ажилд оролцож, М-Си-Эс Группийн менторуудаас зөвлөгөө аван танилын хүрээгээ тэлэх зэргээр дадлагын гурван сарын хугацааг үр бүтээлтэй өнгөрөөх юм. Түүнчлэн М-Си-Эс Группийн компаниудад үндсэн ажилтнаар үргэлжлүүлэн ажиллах боломж бий.

 

Хөтөлбөрт бүртгүүлэхэд тавигдах шаардлага:

 

– Их, дээд сургуулийн 3, 4-р курсийн оюутан байх
– Голч дүн 2.8 ба түүнээс дээш байх

 

Хөтөлбөрт хамрагдах мэргэжлийн чиглэл:

 

– Барилгын инженер
– Бизнес хөгжил
– Борлуулалт
– Инженер техник
– Контент медиа, дизайн
– Маркетинг
– Механикийн инженер
– Мэдээллийн технологи, программ хангамж
– Нягтлан бодох бүртгэл
– Олон нийтийн харилцаа
– Санхүү, өгөгдлийн сан
– Тээвэр ложистик
– Үйлдвэрлэл
– Худалдан авалт
– Хууль, эрх зүй, нийцэл
– Хүний нөөц, захиргаа
– Цахилгааны инженер
– Эрсдэлийн удирдлага

 

Хөтөлбөрт бүртгүүлэх холбоос: careers.mcs.mn

 

Бүртгэлийн хугацаа: 2026 оны 4 сарын 20-ны өдрийг дуустал
Сонгон шалгаруулалт: 2026 оны 4 сар

 

Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээлэл авах:
Имэйл: hrmanager@mcs.mn
Утасны дугаар: 7777 8833

Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола компани “Усны элч” байгууллагын үүргийг тогтмол гүйцэтгэнэ

Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Усны газраас усны нөөцийг хамгаалах, усны зөв зохистой хэрэглээг төлөвшүүлэх, олон нийтэд усны үнэ цэн, ач холбогдлыг сурталчлан таниулах үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн М-Си-Эс Кока-Кола компанийг Монгол улсын “Усны Элч” байгууллагаар дахин өргөмжилж, цаашид энэ чиглэлд тогтмол ажиллах хүндтэй үүрэг хүлээлгэлээ.

 

“Дэлхийн брэндийг Монголдоо” уриатай М-Си-Эс Кока-Кола компани нь усны үр ашигтай хэрэглээг дэмжих зорилтынхоо хүрээнд усны хэрэглээг бууруулах, хэрэглэсэн усаа цэвэрлэх, дахин ашиглах зарчмыг хэрэгжүүлдэг.

 

М-Си-Эс Кока-Кола нь “Усны элч” байгууллагын хувьд өнгөрсөн онд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Монголд анх удаа Амгалан дулааны станц ТӨХК-ийн технологийн хэрэгцээнд үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усаа нийлүүлж эхэлсэн нь Улаанбаатар хотын эрчим хүч, усны менежментийн салбарт шинэ шат ахиулсан түүхэн үйл явдал болсон юм. Ингэхдээ өөрийн хөрөнгө оруулалтаар 3.5 тэрбум төгрөгийн нэмэлт тоног төхөөрөмж, шугам хоолой суурилуулжээ. Амгалан дулааны станц ТӨХК нь технологийн хэрэгцээний усны 40 хувиа ийнхүү авдаг болсноор 600 мянган хүний нэг өдрийн усны хэрэглээтэй дүйцэхүйц газрын доорх усны нөөцийг хамгаалж буй билээ.

 

Ийнхүү халаалтын улиралд үйлдвэрийн цэвэрлэсэн ус ашиглах томоохон хэрэглэгчтэй болсноор тус компанийн усны дахин ашиглалт 45% хүрсэн бөгөөд 2030 он гэхэд 100% хүргэх зорилттой ажиллаж байна.

 

 

Усны газрын дарга З.Батбаяр: Усны нөөцийг хамгаалах үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан иргэн, байгууллагыг Усны газраас “Усны элч”-ээр тодруулдаг уламжлалтай. М-Си-Эс Кока-Кола компанийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станцын технологийн хэрэгцээнд ашигласнаар өрх бүр тухтай амрах боломж бүрдэж, цаашлаад Улаанбаатар хотын усан хангамжийн тогтвортой байдал бодитоор сайжирч байна.

 

Цаашлаад хувийн хэвшлийн энэ байгууллага усны дахин ашиглалт, үр ашигтай зарцуулалтыг нэмэгдүүлэхэд анхаарч ажилласаар буй нь маш сайшаалтай. Тус компанийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг илүү олон байгууллага авч хэрэглэж, усны нөөцөө хамгаалахыг уриалж байна.

 

 

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх Захирал Л.Мягмаржав: Цаашид хувийн хэвшлийн хувьд усны үнэ цэнийг нэмэгдүүлэх чиглэлд оролцож ажиллана. Учир нь бид усаа хайрлах хэрэгтэй. Усыг хайрлаж хэрэглэнэ гэдэг нь зүй зохистой хэрэглэж, хэрэглэснээ эргүүлж ашиглах явдал.

 

Манай компани үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усныхаа дахин ашиглалтыг 100% хүргэх зорилтынхоо хүрээнд Амгалан Дулааны Станц ТӨХК-иас гадна халаалтын бус улиралд манай усыг хэрэглэх боломжтой томоохон хэрэглэгчийг эрж хайхын сацуу бусад олон төрлийн хэрэгцээнд цэвэрлэсэн усаа дахин ашиглах боломж шийдлийг судалж байна.

 

Монгол улсын нормоор 1л бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд зарцуулах усны хэмжээ 12.5л байдаг бол М-Си-Эс Кока-Кола 2025 оны байдлаар 2.25л ус зарцуулсан байна. Усны үр ашигтай хэрэглээг дээшлүүлэх хөтөлбөрийн хүрээнд тус компани усны зарцуулалтыг 2030 он гэхэд 1.7л болгож бууруулах зорилттой ажиллаж байна.

 

Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

100% хүрэх замнал: Хуванцрыг дахин боловсруулах гинжин хэлхээ бий болгох нь

 

М-Си-Эс Кока-Кола компани 2030 он гэхэд борлуулсан бүтээгдэхүүний бүх саваа цуглуулж, 50 хувийг нь дахин боловсруулж ашиглах зорилт тавиад байгаа билээ. Манай компани түүхий эдээс эцсийн бүтээгдэхүүн хүртэл Монголд 100% дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүнийг зах зээлд тун удахгүй танилцуулах гэж байна.

 

Ийнхүү Монголд анх удаа дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүн нэвтрүүлэхийн тулд бид олон нийтийн дадал хэвшилд нөлөөлөх, хуванцар ангилж, цуглуулах кампанит ажлыг 2022 онд эхлүүлсэн байдаг.

 

Монгол улсад хог хаягдлын менежмент сайтар хөгжөөгүй, иргэд болон аж ахуйн нэгж байгууллагууд хогоо ангилан ялгах, ангилсан дахиврыг дахин боловсруулах үйлдвэрүүдэд нийлүүлэх тогтолцоо хараахан бүрэлдээгүй цаг үед эхэлсэн энэхүү ажил олон сорилт, хүндрэл бэрхшээлтэй нүүр тулсан юм. Иймээс М-Си-Эс Кока-Кола компани “Ти Эм Эл” үйлдвэр болон хуванцар цуглуулалт, тээвэрлэлтийн “SESL” компанитай хуванцрыг дахин боловсруулах гинжин хэлхээг орон даяар бий болгох ажлыг хамтран өрнүүлсээр буй юм.

 

Ийнхүү төдийгөөс өдий хүртэлх дөрвөн жилийн хугацаанд хуванцраа анхдагч эх үүсвэр дээрээс нь ангилж, цуглуулдаг 1610 харилцагчийг улс орон даяар бий болгож чаджээ.

 

 

Түүнчлэн жил бүр ус, ундааны хуванцар цуглуулалтын түвшнийг тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний дүнтэй харьцуулж гаргадаг бөгөөд 2025 оны байдлаар М-Си-Эс Кока-Кола компанийн хуванцар цуглуулалт 50.2 хувьд хүрсэн байна.

 

Энэхүү туршлагаа хуваалцахаар бид өнөөдрийг хүртэл туулсан зам, тулгарсан бэрхшээл, хүрсэн ололт амжилтаа танилцуулах “100% хүрэх замнал” кампанит ажлыг эхлүүлээд байна. Тогтвортой хөгжил гэдэг нь нэг удаагийн амжилт, шийдлээр хэмжигдэх ойлголт биш тул өнгөрсөн хугацаанд тулгарсан асуудлуудад шийдэл эрэлхийлж, туршин суралцах замаар шат ахиж буй замналыг хамтдаа сонирхоцгооё.

 

100% ХҮРЭХ ЗАМНАЛ

 

 

 

2018 он
Улсын хэмжээнд ус, ундааны хуванцар савны хэрэглээ нэг жилд 18 мянган тонноор хэмжигддэг. Ийнхүү хэрэглэсэн хуванцрын тодорхой хувийг урд хөрш рүү экспортолдог байсан ч БНХАУ хуванцар хаягдлын импортоо зогсоосноор “энэ их хуванцрыг яах вэ?” гэдэг асуудал тулгарав.
Энэ үед дэлхийн 200 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг “Кока-Кола” компани тогтвортой хөгжлийн зорилтоо олон нийтэд танилцуулж, нэгэн нэрийн дор үйлдвэрлэл эрхэлж буй бүх үйлдвэрлэгчдэдээ хог хаягдалдаа хариуцлагатай байхыг уриалсан нь дэлхий даяар өрнөж буй дахин боловсруулах хөдөлгөөний эхлэл болж байв.

 

2021 он
Энэхүү нөхцөл байдалтай уялдуулан, М-Си-Эс Кока-Кола компани өөрийн түншлэгч “Ти Эм Эл” компанид санал тавьснаар олон улсын стандартад нийцсэн, хүнсний зориулалттай PET хуванцар дахин боловсруулах “Ти Эм Эл” үйлдвэр 2021 онд ашиглалтад оров.

 

 

2022 он
Ингээд М-Си-Эс Кока-Кола компани борлуулсан бүтээгдэхүүнийхээ савтай дүйцэхүйц бүх төрлийн ус, ундааны хуванцар савыг эргэн цуглуулж, дахин боловсруулах зорилтоо танилцуулснаар “Хуванцрын Хаягдалгүй Дэлхий” кампанит ажлыг Монголд эхлүүлсэн байна.

 

Тухайн үед өрхийн хэрэглэгчдийн 60% нь хуванцараа ангилалгүй, бусад хогтойгоо хамт хаядаг байв. Дийлэнх иргэдийн хувьд хуванцрыг тусад нь ангилна гэдэг цоо шинэ зүйл байсан төдийгүй ангилсан хуванцрыг хаана хүлээлгэж өгөх, хэн ирж авах нь тодорхой зохицуулалтгүй байсан тул ангилах шаардлагагүй гэж үзэх хандлага түгээмэл байлаа.

 

2023 он
Иймд дан ганц үйлдвэр байгуулаад зогсох бус үйлдвэрийг тогтвортой ажиллуулах, түүхий эдийн нөөц тасралтгүй бий болгохын тулд “Ти Эм Эл” үйлдвэр дэргэдээ хуванцар цуглуулж, тээвэрлэх “SESL” буюу Save Earth Save Life компанийг байгуулсан юм. Олон нийтэд ангилан ялгах дадал хэвшил суулгах, хуванцрыг анхдагч эх үүсвэр дээрээс нь цуглуулдаг болгох, цуглуулагч эх үүсвэрүүдээс тогтмол тээвэрлэх ажлууд эрчимжив.

 

2024 он
Хуванцрын хэрэглээ ихтэй, цуглуулах боломжтой бүхий л байгууллагад “SESL” компани хамтран ажиллах санал тавьсан ч олонх нь татгалздаг байв. Иймд хэрэглэгчийн зан төлөв, дадал хэвшил, манай улсын хууль эрх зүйн орчин, дэд бүтэц зэрэг томоохон асуудлуудыг шийдвэрлэх шаардлага тулгарсаар байна.

 

2025 он
Олон нийтэд хуванцар ангилан ялгалт, дахин боловсруулалтын ач холбогдлыг таниулах олон ажлууд хэрэгжүүлсний нэг нь “Recycle Me Interactive Hub” танин мэдэхүйн явуулын төв байв. Түүнчлэн 2022 оноос хойш жил бүр Playtime хөгжмийн фестиваль, 3×3 сагсанбөмбөгийн тэмцээн, Үндэсний их баяр наадмын үеэр Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд хуванцар цуглуулах зэрэг нөлөөллийн ажлуудыг хэрэгжүүлсээр байна.

 


 

2026 он
Өнөөдөр хуванцраа ангилж, ялгадаг хэрэглэгчдийн тоо өссөөр байна. Эдгээр ажлын үр дүнд Монгол Улсад хуванцрыг ангилан ялгах, цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах гинжин хэлхээ бий болох эхлэл тавигдаж, “Хуванцрыг хаявал хог, ангилбал хэрэглээ” болно гэдэг ойлголт нийгэмд тогтоод байна.

 

Ийнхүү М-Си-Эс Кока-Кола компани “Кока-Кола” системийн дэлхий даяар хэрэгжүүлж буй дахин боловсруулах хөдөлгөөнд нэгдэж, 100% дахин боловсруулсан савлагаатай бүтээгдэхүүнийг зах зээлд нэвтрүүлэх түүхэн үйл явдал ойртсоор байна.

 

Сонирхуулахад, М-Си-Эс Кока-Кола компани МУБИС-ийн автобусны хойд буудал дээр “100% хүрэх замнал”-ыг танилцуулсан үзүүлэн байрлуулжээ. Уг үзүүлэнгээс та бүхэн дахин боловсруулсан материалаар хийсэн хуванцар ангилж цуглуулах уутыг авах боломжтой. Харин цуглуулсан хуванцраа 7610-7711 дугаарт залгаж, хүлээлгэн өгөхөө бүү мартаарай.

Categories
Хөтөлбөр Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

Сэтгүүлчдийн дунд зарлаж буй сэтгүүл зүйн бүтээлийн уралдааны удирдамж

ҮНДЭСЛЭЛ

 

М-Си-Эс Кока-Кола компани 2030 он гэхэд борлуулсан ус, ундааны бүхий л хуванцар саваа дахин боловсруулдаг болох зорилт тавьж, эх үүсвэр дээрээс нь хуванцар цуглуулах олон талт ажлыг 2022 оноос хойш хэрэгжүүлж эхэлсэн нь олон нийтэд хуванцар дахин боловсруулахын ач холбогдлыг таниулах чухал алхам болсон. Ирэх онд дэлхийн стандарт, жишгийн дагуу түүхий эдээс эцсийн шат хүртэл анх удаа 100 хувь дотоодод удаа дахин боловсруулсан PET хуванцар савлагаатай бүтээгдэхүүн худалдаанд гаргахаар төлөвлөж байна. Тиймээс хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааны чанар стандарт, хуванцар дахин боловсруулалтын ач холбогдлын талаарх мэдээллийг олон нийтэд илүү хүртээмжтэй хүргэх зорилгоор сэтгүүл зүйн бүтээлийн уралдаан зарлаж байна.

 

УРАЛДААНЫ СЭДЭВ

 

“Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай”

 

ЗОРИЛГО

 

  • Дэлхий даяар ус, ундааны PET хуванцрын дахин боловсруулалт ямар түвшинд байгаа талаар;
  • Дахин боловсруулсан хуванцар нь хүнсний зориулалтаар ашиглах боломжтой, олон улсын болон дотоодын стандарт шаардлагад нийцсэн талаар;
  • Хуванцар ангилан ялгалт, дахин боловсруулах зөв гинжин хэлхээ, түүний ач холбогдлын талаар;
  • PET хуванцар импортлогч, хэрэглэгч, үйлдвэрлэгч гэх мэтчилэн бүх оролцогч талуудын хамтын ажиллагаа, оролцоо чухал үүрэгтэй тухай мэдээллийг олон нийтэд ойлгомжтой хэлбэрээр хүргэхэд чиглэнэ.

 

ХАМРАХ ХҮРЭЭ

 

Ногоон пресс сэтгүүлчдийн холбооны гишүүд болон бусад хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн сэтгүүлч

 

ХУГАЦАА

 

2026.01.10 – 2026.02.02

 

ШАГНАЛЫН САН

 

*Ирсэн бүтээлүүдээс шилдэг гурван байр шалгаруулна.

  • 1-р байр – 3,000,000₮
  • 2-р байр – 2,000,000₮
  • 3-р байр – 1,000,000₮

*Уралдаанд илгээсэн бүтээл бүрд чанар, агуулгатай нь уялдуулан мөнгөн урамшуулал олгоно

 

БҮТЭЭЛД ТАВИГДАХ ШААРДЛАГА

 

    •  

    • 2026 оны 01-р сарын 10-нд “Ти Эм Эл Пластик” үйлдвэртэй танилцах аялалд заавал оролцож, мэдээлэл авсан байх
    •  

    • 2026 оны 01-р сарын 10-наас 02-р сарын 02-ны өдрүүдэд олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтлэгдсэн цаг үеийн мэдээнээс бусад сэтгүүл зүйн бүтээл байх /жишээлбэл: сэдвийн мэдээ, нийтлэл, нэвтрүүлэг, тойм, богино хэмжээний бичлэг, мультмедиа нийтлэл, сурвалжилга г.м/
    •  

    • Сэтгүүл зүйн ёс зүйн хэм хэмжээг өндөр түвшинд баримталсан байх
    •  

    • Бүтээлд аливаа тоо, баримт дурдахдаа судалгаанд үндэслэх, үнэн бодит, баталгаат эх сурвалжийн мэдээлэл ашиглах
    •  

    • Бүтээлд график, дата визуал дүрслэл ашигласан бол давуу тал болно
         

      • Бүтээлийг зарласан хугацаанд нийтэлж, олон нийтэд мэдээлснээ батлахуйц мэдээлэл, цахим холбоосыг
        – oyun-erdene.er@mcscocacola.mn
        – sanchirgarav@mww.mn
        – journalist1023@gmail.com хаягаар 02-р сарын 03-ны дотор ирүүлнэ. И-мэйлд дараах мэдээллүүдийг заавал дурдсан байх.

         

        Үүнд:
        a. E-mail Subject: Plastics Journalist Competition 2026
        b. Уралдаанд оролцогчийн нэр
        c. Утасны дугаар
        d. Бүтээлийг нийтэлсэн, түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэр
        e. Хэвлэн нийтлэгдсэн, түгээсэн он, сар, өдөр

 

  • Бүтээлийг сошиал платформд байршуулахдаа компанийн албан ёсны фэйсбүүк хаягийг tag/mention хийн, дараах hashtag-уудыг оруулах
    1. #Хуванцрыг_ХаявалХог_АнгилбалХэрэглээ
    2. #CocaColaMongolia

Фэйсбүүк хаяг: https://www.facebook.com/3r.mcscocacola
Инстаграм хаяг: https://www.instagram.com/3r_mcscoca_cola/

     

  • Уралдааны сэдэв, агуулга, төслийн хүрээнд хийгдсэн ажлуудтай холбоотой аливаа тоо баримт, нэршлийг дурдахдаа баримтын алдаа гаргахаас сэргийлж, бүтээлээ нийтлэхийн өмнө төслийн багт илгээн хянуулах боломжтой.

 

Үнэлгээний бүрэлдэхүүн:
– М-Си-Эс Кока-Кола компанийн төлөөлөл
– Хог Хаягдалгүй Монгол ТББ-ын төлөөлөл
– “Ногоон пресс” сэтгүүлчдийн холбооны төлөөллөөс бүрдэх үнэлгээний баг бүтээлүүдийг шүүж, шилдэг бүтээлийг шалгаруулна.

 

Зөвлөмж: Уралдаанд оролцох сэтгүүлч нь 2025 оны 01-р сарын 10-нд “Ти Эм Эл Пластик” үйлдвэртэй танилцах аялалд оролцсоноор уралдаан зохион байгуулагчдаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

 

Сэтгүүл зүйн шилдэг бүтээлийн уралдаанд оролцохоор сонирхож буй танд баярлалаа.
Aмжилт хүсье!

Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола компанийн үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан Дулааны Станцын технологийн хэрэгцээнд ашиглаж эхэллээ

Төр хувийн хэвшлийн түншлэлээр Монголд анх удаа М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станц ТӨХК-ийн технологийн хэрэгцээнд дахин ашиглаж эхэллээ. Ингэснээр Амгалан Дулааны Станц ТӨХК нь төрийн өмчийн станцууд дундаа ногоон шийдэл нэвтрүүлсэн анхны станц болж, Улаанбаатар хотын эрчим хүч, усны менежментийн салбарт шинэ шат ахисан түүхэн үйл явдал тохиож байна. Энэхүү төслийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хүсэлтээр Дэлхийн Банкны “2030 Усны Нөөцийн Бүлэг” нь 2020-2024 онд БНСУ-ын Ногоон хөгжлийн итгэлцлийн сангийн санхүүжилтээр хэрэгжүүлж, дулааны станцын технологийн хэрэгцээнд тус компанийн Үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг ашиглах боломжтой болохыг баталгаажуулан тогтоож байжээ.

 


 

Уг хоёр байгууламжийн хооронд 2.5 км зайтай бөгөөд усыг нийлүүлэхийн тулд М-Си-Эс Кока-Кола компани 3.5 тэрбум төгрөгийн өөрийн хөрөнгө оруулалтаар шугам хоолой, нэмэлт тоног төхөөрөмж суурилуулан Амгалан дулааны станц ТӨХК-д шууд хүлээлгэн өгч буй аж.

 

Амгалан дулааны станц ТӨХК нь Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангадаг ганц эх үүсвэр бөгөөд 9-р сарын 15-ны өдрөөс 5-р сарын 15-ны хооронд М-Си-Эс Кока-Кола ХХК-иас технологийн хэрэгцээний усны 40 хувиа ийнхүү авах юм. Энэ нь нийт 120.000 метр куб ус байх бөгөөд жил бүр 600 мянган хүний нэг өдрийн усны хэрэглээтэй дүйцэхүйц газрын доорх усны нөөцийг хамгаалах ач холбогдолтой түншлэл болж байна.

 

 

Тус станцын хувьд өөрийн технологийн хэрэгцээний хаягдал усаа үйлдвэрлэлийн шат дамжлагад эргүүлэн ашигладаг байсан бол үүн дээр нэмээд гадны эх үүсвэрээс буюу М-Си-Эс Кока-Кола компанийн цэвэрлэсэн хаягдал усыг хэрэглэдэг болсноор технологийн хаягдал усгүй жишиг станц болж байна.

 

 

Харин М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн хувьд Монгол улсын “Усны элч” байгууллага бөгөөд байгальд ээлтэй үйлдвэрлэл эрхлэх бодлогын хүрээнд хүнсний салбарт анхдагч болж Үйлдвэрийн хаягдал ус цэвэрлэх байгууламжаа 2010 онд ашиглалтад оруулж байжээ. Түүнээс хойш үйлдвэрлэлийн бүхий л явцад ашигласан усаа мембран био-риактор технологиор 99 хувь цэвэрлэж, ундны уснаас бусад зориулалтаар байгууллагуудад үнэ төлбөргүй нийлүүлж байна.

 

УСНЫ МЕНЕЖМЕНТИЙН САЛБАРТ НОГООН ШИЙДЭЛ НЭВТРҮҮЛСЭН ТҮҮХЭН ҮЙЛ ЯВДАЛ ТОХИОЖ БАЙНА

 

Ийнхүү үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усыг дахин ашиглах замаар Улаанбаатар хотын зүүн бүсийн хэрэглэгчдийг дулаанаар хангах шийдэл нь хаягдалгүй эдийн засгийн замаар ногоон хөгжлийг бий болгох байгаль орчин, нийгмийн эрүүл мэнд, тогтвортой хөгжлийн олон эерэг үзүүлэлтийг авчирж буй болохыг талууд онцолж байна.

 

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ш.Батбаяр: Засгийн газрын зүгээс гадаргын усны хэрэгцээг нэмэгдүүлэх, усыг дахин ашиглах чиглэлээр онцгой анхаарч ажиллаж байгаа. Гүний усны нөөц багасч буй энэ цаг үед хувийн хэвшил өөрийн хөрөнгө оруулалтаар хэрхэн төртэй хамтран, төр хувийн хэвшлийн түншлэл бий болгож болдгийг харуулсан хоёр байгууллагад талархал илэрхийлж байна. Амгалан дулааны станц ТӨХК өдөрт 500 м.куб газрын доорх усны нөөцийг хамгаалан хэмнэж, дахин ашиглаж байгаа нь байгалийн нөөцийг хамгаалах чиглэлд тун сайшаалтай үйл явдал юм. Цаашид энэхүү технологийг олон салбарт авч хэрэгжүүлж, бусад хувийн хэвшил маань үүнээс үлгэр дууриалал авч оролцоогоо нэмэгдүүлэхийг уриалж байна.

 

Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга Б. Ерэн-Өлзий: Өнөөдөр бид Монгол улсын эрчим хүчний салбарт төр, хувийн хэвшил, олон улсын банк, санхүүгийн байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд Амгалан дулааны станцын технологийн хэрэгцээнд хаягдал усыг ашиглаж, газрын доорх усны нөөцийг нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлж байна. ЭХЯ-аас эрчим хүчний хэмнэлттэй, үр ашигтай, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх үйл ажиллагаа дэмжин ажиллаж байгаа. Амгалан дулааны станц нь Улаанбаатар хотын төвлөрсөн дулаан хангамжийн хэрэглээний 13 хувийг хангадаг Улаанбаатар хотын зүүн бүсэд байрладаг эрчим хүчний томоохон эх үүсвэр юм. Эрчим хүний салбарын бодлогын тэргүүлэх зорилгын нэг бол хамгийн хүйтэн нийслэл хот болох Улаанбаатар хотын хэрэглэгчдийг найдвартай, тасралтгүй дулааны эрчим хүчээр хангах явдал юм. Энэ бол зөвхөн эдийн засгийн өсөлт, хөгжил төдийгүй, ард иргэдийн амь нас, эрүүл мэндийн баталгаа билээ.

 

Усны газрын дарга З.Батбаяр: Улаанбаатарчууд суурин амьдралд шилжсэнээс хойш түүхэндээ анх удаа хаягдал усыг эргэлтэд оруулж, бидний амьдралд шинэ хуудас нээгдлээ. Тиймээс миний хувьд өнөөдөр шинэхэн хүүгээ өлгийдөн авч буй аав шиг баярлаж байна. Учир нь М-Си-Эс Кока-Кола компанийн цэвэрлэсэн хаягдал усыг Амгалан дулааны станцын технологийн хэрэгцээнд ашигласнаар өрх бүр тухтай амрах боломж бүрдэж, цаашлаад Улаанбаатар хотын усан хангамжийн тогтвортой байдал бодитоор сайжирч буй юм. Хаягдал усыг нөөц болгон ашиглаж буй энэхүү жишиг нь зөвхөн хоёр байгууллагын хамтын ажиллагаа төдий бус, ирээдүй үеийн мянга мянган хүүхдийн ундны усны баталгааг хамгаалж буй хэрэг. Тиймээс уг төслийг амжилттай хэрэгжүүлсэн оролцогч талууд, бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

“Амгалан дулааны станц” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал М.Мөнхөө: Нэг талдаа цэнхэр алт болсон цэвэр цэнгэг усны нөөцийг хэмнэх, хүрээлэн буй орчны бохирдлыг бууруулах, нөгөө талдаа хаягдалгүй эдийн засаг, ногоон хөгжлийн зорилтыг хангасан олон талын ач холбогдолтой төслийн нээлтийг өнөөдөр хийж байгаадаа талархалтай байна. Уг төслийн ТЭЗҮ боловсруулах зардлыг БНСУ-ын Ногоон хөгжлийн итгэлцлэлийн сангаас санхүүжүүлсэн бол, хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын 3.5 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг М-Си-Эс Кока-Кола компани нийгмийн хариуцлагын хүрээнд сэтгэл гаргаж, бүрэн санхүүжүүлсэн бөгөөд улсын төсвөөс зардал гараагүй болохыг онцлон хэлэх нь зүйтэй.

 

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Мягмаржав: Миний бие Дэлхийн банкны дэргэдэх “2030 Усны нөөцийн бүлэг”-ийн ажлын зөвлөлд есөн жилийн хугацаанд ажилласан. Өнөөдөр Улаанбаатар хотын зүүн бүсийн дулаан хангамжид усны асуудал чухал байгаа энэ цаг үед хувийн хэвшил нь манлайлж, төр нь дэмжлэг үзүүлэх жишгээр төр хувийн хэвшлийн нэгэн жишгийг бид тогтоож чадлаа. Энэ хамтын ажиллагааны үр дүнд хаягдалгүй тойрог эдийн засгийг бий болгож, 3R буюу усны хэрэглээг бууруулах, хэрэглэсэн усаа цэвэрлэх, цэвэрлэснээ дахин ашиглах зарчмыг бодитоор хэрэгжүүлж байгаа юм.

 

Цэнгэг усны хүрээлэнгийн Удирдах зөвлөлийн дарга, доктор Д.Доржсүрэн: Энэхүү төсөл нь Монгол Улсын усны нөөцийн аюулгүй байдлыг хангах, засаглалыг бэхжүүлэх чухал санаачилга боллоо. Шинжлэх ухаанд суурилсан судалгаа, оновчтой шийдэл, олон талын оролцоо, түншлэлд суурилсан хамтын ажиллагааны үр дүнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр ногоон шийдэл амжилттай хэрэгжлээ. Дэлхий нийтэд тулгамдаж буй цэнгэг усны хомсдолын нөхцөл байдалд эрчим хүчний салбарт хаягдал усыг дахин ашигласан энэ туршлага цаашид Монгол улсын хэмжээнд түгэн дэлгэрнэ гэдэгт итгэлтэй байна. Байгаль орчноо хамгаалж, хойч үедээ үнэт нөөцийг өвлүүлэх санаачилгыг бодит ажил хэрэг болгосон та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлье.

 

 

Дашрамд дурдахад, М-Си-Эс Кока-Кола компани нь үйлдвэрийн технологийн үйл ажиллагаанаас гарсан бохир усыг
• MNS 4943 : 2015 стандарт “Хүрээлэн буй орчинд нийлүүлэх усны чанарын шаардлага”
• MNS 6734 : 2018 стандарт “Дахин ашиглах цэвэрлэсэн ус, техникийн ерөнхий шаардлага”-д нийцүүлж цэвэршүлдэг аж.
Энэхүү ус нь загас амьдарч болохуйц түвшинд хүртэл цэвэршсэн байдаг бөгөөд зам талбайн цэвэрлэгээ, ногоон байгууламж, цэцэрлэгт хүрээлэнгийн усалгаа зэрэгт ашиглагддаг. Цаашид үйлдвэрийн цэвэрлэсэн хаягдал усны хэрэглээг нэмж, гүний усны нөөцийг хамгаалахын тулд М-Си-Эс Кока-Кола компаниас 5-р сарын 15-аас 9-р сарын 15-ны хооронд байгууллагууд ус авах бүрэн боломжтой аж.

 

Categories
Онцлох мэдээ Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола компани 60,000 хүнд хуванцар дахин боловсруулалтын ач холбогдлыг танилцууллаа

М-Си-Эс Кока-Кола компани хуванцар дахин боловсруулалтын талаар мэдлэг, боловсрол олгох шинэ санаачилга бүхий “Recycle Me Interactive Hub” танин мэдэхүйн явуулын төвийг энэ оны 6-р сараас ажиллуулж эхэлсэн билээ. Тэгвэл өнгөрсөн хугацаанд нийслэл хотын хөдөлгөөн ихтэй 10 гаруй байршилд, 60,000 иргэнд хуванцар дахин боловсруулахын ач холбогдлыг танилцууллаа.

 

“Recycle Me Interactive Hub” танин мэдэхүйн явуулын төв нь иргэдийн оролцоот буюу интерактив байдлаар хуванцар дахин боловсруулах явцыг бодитоор мэдрэх, туршиж үзэх боломж олгосон юм. Тухайлбал, иргэд “Ти Эм Эл Пластик” үйлдвэрээр виртуал орчинд зочлох, хуванцар савны амьдралын мөчлөг, ус, ундааны савнаас дахин төрсөн байгальд ээлтэй бүтээгдэхүүнтэй танилцах, хуванцар дахин боловсруулах явцад өөрийн биеэр оролцох зэргээр 10 алхамт үйлдэл хийсэн.

 

“Recycle Me Interactive Hub” явуулын төвийн дотор тохижилтод манай компани Шангри-Ла Моллд танилцуулж байсан тогтвортой хөгжлийн биет тайлангаа дахин ашигласан юм. Түүнчлэн 3R (Reduce, Reuse, Recycle) буюу байгаль орчны чиглэлд баримталдаг бодлогын дагуу нарны эрчим хүчийг цахилгаан эрчим хүч болгон хувиргах нарны эх үүсгүүр суурилуулсан эко машин гэдгээрээ онцлог юм.

 

 

Монгол улсад жилд 20 орчим мянган тн ус, ундааны хуванцрын хаягдал үүсдэг гэсэн тоон судалгаа бий. Өнгөрсөн жил үүний 56 хувийг “Ти Эм Эл Пластик” үйлдвэр цуглуулж, дахин боловсруулжээ. Тиймээс энэхүү танин мэдэхүйн явуулын төвөөр дамжуулан олон нийтийн оролцоог нэмэгдүүлж, байгальд ээлтэй хандлагыг түгээн дэлгэрүүлэх, иргэдэд хуванцрыг зөв ангилан ялгаж, зориулалтын саванд хийх дадал суулгах нөлөөллийн ажлыг М-Си-Эс Кока-Кола компани, “Ти Эм Эл Пластик” үйлдвэр хамтран хэрэгжүүлсээр байна.

 
Youtube link: https://youtu.be/ELMVtH7-6w4?si=FZkEff4kFQmw800q

 

Дашрамд дурдахад, М-Си-Эс Кока-Кола компанийн нийгмийн хариуцлагын гол ажил болох түүхий эдээс эцсийн шат хүртэл дэлхийн чанар, стандартын дагуу Монголд 100% дахин боловсруулсан хуванцар савлагаатай бүтээгдэхүүн ирэх оны эхээр худалдаанд гарах юм.

Categories
Компани Мэдээ мэдээлэл

М-Си-Эс Кока-Кола компани Монгол улсын ууган их сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

МУИС болон “М-Си-Эс Кока-Кола” компани хамтран олон талт хамтын ажиллагаа хэрэгжүүлэх санамж бичиг байгууллаа. Дэлхийн брэндийг Монголдоо уриатай “М-Си-Эс Кока-Кола” компани нь 2001 онд үүсгэн байгуулагдсанаас хойш Кока-Кола компанийн стандартын дагуу олон шинэ технологи, дэлхийн стандартуудыг нэвтрүүлж, эх орныхоо эдийн засаг, нийгэмд чухал хувь нэмэр оруулж, байгаль орчинд ээлтэй үйл ажиллагаа эрхэлсээр ирсэн.

 

Тиймээс уг санамж бичгийн хүрээнд Монгол улсын ууган их сургуульд НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилтод нийцсэн, байгальд ээлтэй сургуулийн орчин бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх; байгаль орчин, нийгэм засаглалын чиглэлээр сургалт судалгаа, төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх; хүний нөөцийг чадавхжуулах, мэргэшүүлэх гэсэн үндсэн гурван чиглэлээр хамтран ажиллах юм.

 

МУИС-ийн Ректор Б. Очирхуяг: “МУИС-ийн 2025-2030 онд хэрэгжүүлэх стратеги төлөвлөгөөнд төр, хувийн хэвшил, аж үйлдвэр, сургалт, судалгааны байгууллагатай хамтран, тус тусын нөөцөд түшиглэн байгальд ээлтэй сургалтын орчин бүрдүүлэх, хог ангилах тогтолцоо бий болгох, судалгаа, инновацын чадамжийг бэхжүүлэх, олон улсын өндөр түвшинд өрсөлдөх чадвартай шилдэг мэргэжилтэн бэлтгэх зорилт тусгагдсан байдаг. Уг зорилттой уялдуулан “М-Си-Эс Кока-Кола” компанитай хамтран хэрэгжүүлэх гэж буй ажил нь тогтвортой хөгжлийн үнэт зүйлсийг түгээн дэлгэрүүлэх чухал алхам болно гэж үзэж байна. Иймээс хамтын ажиллагааг эхлүүлж буйдаа баяртай байна.”

 

М-Си-Эс Кока-Кола ХХК-ийн Гүйцэтгэх захирал Л. Мягмаржав: ““ESG буюу Байгаль орчин, Нийгэм, Засаглал”-ын бодлого нь байгууллагын урт хугацааны тогтвортой байдлыг баталгаажуулдаг чухал шалгуурын нэг бөгөөд зөвхөн ашгийн төлөөх бизнесийн зорилго бус, харин нийгмийн өмнө хүлээсэн хариуцлага юм. Монгол Улсад жил бүр нэмэгдэж буй хуванцрын хэрэглээ, хаягдлыг зөв зохистой ангилах тогтолцоо нь тогтвортой хөгжлийн зорилтыг бодит ажил хэрэг болгох чухал алхмын нэг. Тиймээс ирээдүйн мэргэжилтнүүд, шийдвэр гаргагчдад хариуцлагатай хэрэглээний дадал хэвшил төлөвшүүлэх, суралцах, хамтын ажиллагаа бий болгох зорилготой. Энэхүү хамтын ажиллагаа тогтвортой хөгжлийн манлайллыг түгээн дэлгэрүүлэх стратегийн ач холбогдолтой ажил болж байна.
МУИС-ийн харьяаны бүрэлдэхүүн сургууль, сургалт судалгааны хүрээлэн, номын сан зэрэг 10 гаруй барилга байгууламжид 1600 багш ажилтан, 23 мянган оюутан суралцаж байна. Тиймээс санамж бичигт тусгагдсан зорилтот ажлуудын хүрээнд салбарын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн ажилтнуудын хамтын оролцоог бий болгож, судалгааны ажлуудыг хамтран зохион байгуулах болон өгөгдлийг хамтран ашиглах, эрдэм шинжилгээний эргэлтэд оруулахад хувь нэмрээ оруулах явдал юм.”

 

 

Түүнчлэн шинэ үеийн оюутан, залууст олон улсын арга барилаас суралцах, түүний бүрэлдэхүүн хэсэг болж, ажлын байранд дадлагажих, цаашид үндсэн ажилтнаар ажиллах боломжийг бий болгох тал дээр хамтран ажиллана. Энэхүү санамж бичгийг байгуулснаар МУИС-ийн ирэх таван жилийн стратеги зорилтын дагуу багш, ажилтан, оюутнуудад хог хаягдлаа ангилан ялгах амьдралын зөв дадал хэвшил төлөвшүүлэх “Хуванцрын хаягдалгүй жишиг их сургууль” болох ажлыг талууд ийнхүү эхлүүлж байна.

 


Categories
Хөтөлбөр Компани Мэдээ мэдээлэл

Байгальд ээлтэй “PLAYTIME” фестивалийг “М-Си-Эс Кока-Кола” компани дөрөв дэх жилдээ дэмжин оролцлоо

Азийн тэргүүлэх ТОП таван хөгжмийн наадмын нэг болох зорилготой “Playtime Festival 2025” наадам долоодугаар сарын 3, 4, 5, 6-ны өдрүүдэд нийт дөрвөн өдрийн турш Playtime хүрээлэнд зохион байгуулагдлаа. “М-Си-Эс Кока-Кола” компани “Playtime” хөгжмийн фестивалийн стратегийн буюу ногоон, тогтвортой хөгжлийг дэмжигч түншээр дөрөв дэх жилдээ оролцсон юм.

 

“Earth. Music. Art. Love” уриатай энэ жилийн хөгжмийн наадмаар “М-Си-Эс Кока-Кола” компани Coca-Cola Real Magic талбайд байгальд ээлтэй фестивалийг 20 мянган залуустай хамтран дараах байдлаар бүтээжээ.

 

COCA-COLA REAL MAGIC ТАЙЗНЫ ХӨТӨЛБӨР

 

Coca-Cola Real Magic дөрвөн өдрийн турш залууст зориулсан сонирхолтой хөтөлбөр бэлтгэжээ. Дэлхийн чансааны 3-рт бичигдэж буй The MongolZ багийн 910, bLitz болон Rozigoo нар Coca-Cola Real Magic тайзнаа зочлон, үнэнч дэмжигчидтэйгээ яриа өрнүүлж, зургаа татуулсан нь өдрийн хөтөлбөрийн мартагдашгүй нэг хэсэг болсон юм.

 

 

Мөн The Lemons хамтлаг, Vandebo хамтлагууд наадмын хоёр болон гурав дахь үдэш уран бүтээлээ толилуулж, “Playtime Festival 2025”-д хуран цугласан олон мянган залуусыг нэгтгэж чадлаа. Coca-Cola Real Magic тайзны өмнө залуус дуу хоолой, мэдрэмж, зүрхний хэмнэлээ нэгтгэж, дуу хөгжимд уярсан гайхалтай үдшүүд өнгөрсөн юм.

 


 

“GREEN PLAYTIME” ЧӨЛӨӨТ ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

 

Хөгжмийн наадмыг зохион байгуулагч, спонсор, артист, оролцогч талууд байгальд ээлтэй фестивалийг хэрхэн хамтдаа бүтээх вэ сэдвийн хүрээнд жил бүр чөлөөт хэлэлцүүлэг өрнүүлдэг уламжлал Coca-Cola Real Magic тайзнаа нэгэнт тогтжээ. Жил бүр Playtime наадамд байгальд ээлтэй, тогтвортой хөгжилд нийцсэн ямар ахиц өөрчлөлт гарч байгаа талаар хамтдаа ярилцаж, хэлэлцүүлгийн төгсгөлд Quiz тэмцээний ялагчид Coca-Cola брэндтэй хамтарсан “Labubu” бэлэглэсэн байна.

 



 

“RECYCLE ME” INTERACTIVE HUB x Photo Booth

 

“М-Си-Эс Кока-Кола” компани нь түгээлтийн машинаа дахин амилуулж хэзээ ч, хаана ч байрших боломжтой “Recycle me” Interactive Hub бий болгожээ. Залуус хуванцрыг дахин боловсруулж хийсэн төрөл бүрийн бүтээгдэхүүнтэй танилцаж, хөгжмийн наадам дээр уусан ус, ундааны хуванцраа дахин боловсруулах явцад гар бие оролцож, байгальд ээлтэй фестивалийн нэг хэсэг болсон байна.

 

 

Мөн хуванцрыг дахин ашиглаж зураг авахуулах хана бүтээж, “Хуванцрыг хаявал хог, ангилбал хэрэглээ” кампанит ажлыг залууст танилцуулжээ. Мөн өнгөрсөн жилүүдийн жишгээр “Playtime Festival 2025” дээр хэрэглэсэн 940 кг ус, ундааны хуванцрыг “М-Си-Эс Кока-Кола” компанийн түнш “Ти Эм Эл Пластик” үйлдвэр хүлээн авч, дахин боловсруулж буй аж.

 

 

МОД ТАРИЛТ

Фестивалийн өмнөх өдрүүдэд “М-Си-Эс Кока-Кола” компани салхины нөлөөллийг бууруулах, бичил уур амьсгалыг тогтворжуулах зорилгоор 50 гаруй цагаан улиас тарьжээ. Энэ нь хурдан ургалттай, агаар шүүж, хөрс тогтоох өндөр чадвартай мод бөгөөд байгальд ээлтэй наадмын зохион байгуулалтын бодит жишээ болсон байна.

 

 

ТАЛБАЙН ЧИЙГШҮҮЛЭЛТ

 

“М-Си-Эс Кока-Кола” компани үйлдвэрийн технологийн явцад ашигласан бүхий л усаа цэвэршүүлж, ундны уснаас бусад зориулалтаар ашигладаг. Тиймээс фестивалийн өдрүүдэд Плэйтайм хүрээлэнгийн талбайг энэхүү усаар чийгшүүлжээ.

 

 

“SHARE A COKE” ХӨТӨЛБӨР

Яг одоо дэлхий даяар хэрэгжиж байгаа “Share a Coke” хөтөлбөрийг энэ жил “Playtime” фестивалиар танилцуулж, хэрэглэгч зөвхөн өөрийн нэртэй ундааг Coca-Cola Real Magic талбай дээр зочилсноор авсан юм.

 

“Share a Coke” хөтөлбөр нь Монгол орон даяар хамгийн түгээмэл дуудагддаг 26 нэрийг Coca-Cola ундааны шошгон дээр хэвлэсэн бөгөөд өөрийн нэртэй ундааг ууж, аз жаргалтай хором мөчөө хамтдаа хуваалцах боломжийг олгосон.

 

 

COCA-COLA х PLAYTIME ХАМТАРСАН МЕРЧ

 

Азийн тэргүүлэх хөгжмийн хөтөлбөр “Playtime Festival 2025” болон дэлхийн алдарт Coca-Cola брэндийн хамтарсан мерч бүтээгдэхүүнийг энэ жилийн фестивалиар анх удаа танилцууллаа. COCA-COLA REAL MAGIC хөтөлбөрүүдэд идэвхтэй оролцсон залууст хамтарсан мерч бэлэглэсэн юм.

 

 

Дээр дурдсан онцлох хөтөлбөрүүдээс гадна Schweppes брэндийн бүтээгдэхүүнээр хийсэн коктейль, iCoke урамшуулалт хөтөлбөр зэргийг зөвхөн Плэйтайм наадмын оролцогч залууст зориулан дөрвөн өдрийн турш толилуулсан.

 

Ийнхүү “М-Си-Эс Кока-Кола” компани нь энэ жилийн маркетингийн хамгийн томоохон хөтөлбөр болон тогтвортой хөгжил гэсэн хоёр чиглэлээр Playtime наадамд оролцсон байна.